ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс задрал руу биш нэгдэл рүү явах цаг нь болсон

O.Admin
2019-06-18

Хоёр нам адил тэнцүү суудал авчихаараа хэн, хэний­гээ шантаажлаад ураг­шаа ахидаггүй. Нийлээд эвсэл болон оруулж ирэхээрээ нэгнээсээ давж эрх ашгаа хавчуулах гэж зүтгээд хөлийг нь тушчихдаг байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид мөн ч олон жил дарж “хэвтлээ”. Ардын нам олонхи бүрдүүлж байх үеэс л яригдаж, Ардчилсан нам олонхийг бүрдүүлэх эрх авсан үед нэг удаа УИХ-ын босго давах шахсан ч Н.Батбаяр тэр­гүүтэй улстөрчдийн элд­вийн балай билгэдэл, есийн тооны мөн чанар дунд үндсэн зарчим, утга агуулга нь гээгдэж, тэгсхийгээд мартагдаж билээ.

Харин МАН-ынхан 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирснийхээ дараа Үндсэн хуулийн гажуудлыг засах, нийгмийн хөгжил дэвшил дунд нэг алхмаар хоцорч яваа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг барьж авсан юм. УИХ дундаа хамгийн туршлагатай пар­ламентч болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ажлын хэсгийг ахлуулж, өнгөр­сөн хугацаанд хэлэл­цүү­лэг, бүх нийтийн санал асуулга, улс төрийн намуудын дунд уулзалт ярилцлага хийх зэргээр алдаа мадаг, асуудалтай зүйл заалт бүрийг нь хэлэлцсээр нэлээд чамбай нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив.  

Цаг хугацааны хувьд УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогдсон үед өргөн барьсан хэрэг. Түүнээс биш УИХ-ын гишүүд нь даргатайгаа нийлээд гэнэтхэн л ухаан орсон аятай хуралдаж, хэдхэн өдрийн дотор боловсруулаад оруулж ирсэн хэрэг огт биш. Суурь хуулийн өөрчлөлт нь гурван парламент дамжиж яригдсан. 

Сүүлийн хоёр жил эрчимтэй хэлэлцэж, удтал засч, алдаа мадгийг нь залруулсан бөгөөд УИХ-ын нийт 60 гаруй гишүүн өргөн барьж, шинэ дэгээр хэлэлцэх гэж байна. Мөнхүү Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн тохиолдолд нэг гишүүн хамгийн багадаа найман минут асуулт асууж, нэмэлт хоёр минутын эрх эдлэх шинэ дэгийг баталчихлаа. Энэ нь хуулийг илүү даацтай, чамбай, нягт нямбай алдаа гаргахгүй хэлэлцэх гэсэн санаа аж.

Мөн хэлэлцэж эхэлснээс хойш өөр ямар нэгэн асуудлыг давхцуулан хэлэлцэхгүй хэмээжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч даваа гарагт телевизийн сэтгүүлчдийн асуултад хариулж, шууд ярилцлагад оржээ. Үндэсний олон нийтийн телевизээс эхлээд үндэсний хэмжээнд эфирээ цацаж буй хэд, хэдэн телевизийн сэтгүүлчдийн асуулт ч тун даацтай байлаа. Г.Занданшатар дарга өөрөө хуульч хүн. Тиймдээ ч Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээ шаардлага юу байгаа, хуульд орж буй гол өөрчлөлт нь юу байх талаар тун ч дэлгэрэнгүй тайлбарлав.

УИХ даргын ярьснаас онцолвол, 2000 онд Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон” өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлтөөр засахаар болжээ. Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийтдээ 15 удаа Засгийн газар байгуулсан байдаг. Дөрвөн жилээр байгуулагдах ёстой Засгийн газар энэхүү дордуулсан заалтаас болж хамгийн уртдаа л хоёр жилийн настай байсан гэсэн үг. Түүнчлэн, УИХ-ын гишүүн нь хэдэн давхар дээл өмсч буйг өөрчлөхөөр тусгасан бөгөөд Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрвөн гишүүн л Гүйцэтгэх засаглалд давхар ажиллах боломжтой.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2010 онд нэрт хуульч Б.Чимэдийн санаачилсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг дагаж мөрдөх бөгөөд гишүүдийн тоог нэмэх боломжгүй юм. Мөн “шүдгүй арслан” болсон гэх Ерөнхий сайдын эрх үүргийг нэмэгдүүлжээ. УИХ-ын хэдэн гишүүд нийлээд л Ерөнхий сайдаа унагадаг, дараа нь тэр суудалд очихын тулд шантааж хийдэг бүх гарцыг хаасан нь давуу тал болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байна билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-аар Засгийн газрын сайд нарыг хэлэлцэхгүй.

Энэ бүрэн эрх Ерөнхий сайдад очсон бөгөөд хариуцлага тооцох, томилох эрхээ Ерөнхий сайд эдэлнэ. Хэрвээ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж УИХ шийдсэн бол дараагийн Ерөнхий сайдыг томилсны дараа огцруулах асуудлыг хэлэлцэхээр нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа юм. Сум, багийн Засаг даргаа иргэд сонгох, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жилээр нэг удаа байх, Үндсэн хуулийн цэц болон шүүх байгууллагын томилгоо мөн л нэг удаа хийгдэх гэх мэтээр хийдлүүдийг арилгаж өгчээ.

Гэтэл энэхүү шууд нэвтрүүлэг гарсны дараа олон янзын л шүүмжлэл гарч эхлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар л ганцаараа захиалж байгаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа аятай харлуулах оролдлого ч гарч эхлэв.  Гэвч, өмнө хэлсэнчлэн гурван парламент дамжин яригдаж буй нэмэлт өөрчлөлтийг 2010 онд 31, 2011 онд 41, 2015 онд 47 гишүүн өргөн барьж байсан бол эдгээр өргөн барьсан хуулиудыг татаж аван илүү чамбайруулж 62 гишүүн өргөн барьсан асуудал юм шүү.

Угтаа, өдгөө мэдэгдэл гарган эсэргүүцээд буй АН-ынхны өмнө нь өргөн барьчихсан хуульд бага хэмжээний өөрчлөлт шигтгэж, илүү чамбай болгоод оруулж ирсэн хэрэг л дээ. Харин хэлэлцүүлгийн бүх шатанд ажлын хэсэгт багтаж, өргөн барихад ч эсэргүүцлээ илэрхийлээгүй, Н.Батбаяр тэргүүтнээрээ өргөн бариулчихаад хэлэлцэх гэж яарч байсан энэ төслөө АН-ынхан чухам яагаад эсэргүүцэж, ингэтлээ гарч орж гүйлдээд байгааг ойлгохгүй байгаа юм.

Гэтэл АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нь “Энэ бол нийгмийн шаардлага хэрэгцээ бөгөөд одоо л бид өөрчлөлтөө хийж чадахгүй бол ирэх жилүүдэд хийж чадахгүй” гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлчихэж. Тэгэхээр АН гэх том намын биш тэр дунд “АН” гэх цэнхэр малгай өмссөн хэсэг бүлгийн эрх ашигт л харшлаад байгаа бололтой. Х.Нямбаатар гишүүний хэлсэнчлэн “Үндсэн хууль бол ард түмний хамтран амьдрах гэрээ”.

Тийм ч учраас хэн нэг улс төрийн нам, бүлэглэл эрх ашгаа нуудаг, эсвэл хүч түрэн хийдэг зүйл огтоос биш. Хэвлэл мэдээлэл ч үүнд нь хутгалдан орж, худалдагдана гэж огтхон ч байхгүй. Тогтолцооны хямралд улсаараа сүйрч, хэдхэн том ордуудад нь эзэн суусан бүлэглэлд тонон дээрэмдүүлж байгаа энэ цагт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй цаг ирснийг бид харж байна.

 Сум аймагтаа хүртэл улстөржиж, намаар талцан хуваагддаг, байгалийн баялаг ард түмний өмч гэсэн атлаа бүлэглэл нь хуваагаад хүртчихсэн Монгол Улсад өөрчлөлт хэрэгтэй гэж байгаа л бол Үндсэн хуулийн дордуулсан өөрчлөлтөө засч залруулах нь цаг үеийн шаардлага. Үүнийг хоёр том нам хамтарч байхдаа хийж чадаагүй юм. Нэг нам олонхи бүрдүүлчихсэн, тэр тусмаа АН засаглаж байхдаа бас л урагшлуулж чадаагүй билээ.

Харин МАН үнэмлэхүй олонхи байгаа энэ цагт эхлүүлжээ. Энэ бол АН, МАН гэсэн улс төрийн хоёр том нам, парламентад суудалгүй жижгүүдийн эрх ашгаар шийдэгддэг зүйл биш. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх үүд хаалгыг нь нээгээд өгчихөөр хэрхэн өөрчлөлт оруулахаа, яаж өөрчлөхөө, ямар алдааг нь яаж залруулахаа ард түмэн өөрсдөө бүх нийтээрээ хэлэлцээд шийдчихнэ. Тиймээс, УИХ-ын даргын хэлсэнчлэн Монгол Улс задрал руу биш нэгдэл рүү явах цаг нь болсон байна.