ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хавдрыг эрт шатанд мэсгүйгээр эмчлэх боломж бүрдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-18

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний гурван хэмжээст "Шугаман хурдасгуур" аппарат өнөөдрөөс эхлэн ашиглалтад орох юм байна. Уг аппарат нь гурван сая еврогийн өртөгтэй бөгөөд цөөнгүй салбарын эмч, мэргэжилтнүүд хамтран дөрвөн жил ажилласны хүчинд ХСҮТ-д суурилуулжээ.

Энэ аппаратыг эрт үе шатандаа илэрсэн хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр эмчлэхээс гадна хавдрын бусад эмчилгээгээ дэмжих зорилготойгоор хэрэглэх бөгөөд хөнгөвчлөх эмчилгээний үед өвчин намдаах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашигладаг аж.
Шугаман хурдасгуур нь тухайн хорт хавдрыг цөмийн хүчтэй эрчмээр шарж эмчлэх технологи бөгөөд давуу тал нь хорт хавдрын дэргэдэх эрүүл эд эрхтэнд цөмийн эрчим, цацраг туяаг нь нөлөөлүүлэхгүй, хүргэхгүй байхад оршдог. Өөрөөр хэлбэл, хорт хавдрыг үүссэн хэлбэрийнх нь дагуу яг онож устгах, байлах чадвартай гэсэн үг юм. Мөн цөмийн эрчим, цацрагийнх нь хүчийг хорт хавдарт нөлөөлөх шаардлагатай хэмжээгээр/их бага/ нь тохируулан гаргадаг давуу талтай гэнэ.

Анагаахын салбарт цөмийн технологийг ашиглаж буй маш том төлөөлөл нь хорт хавдрын "туяа эмчилгээ" билээ. Энэ технологи дэлхий дээр тасралтгүй хөгжиж, эмчилгээнд нэвтэрч байгаа бөгөөд түүнийг нь Монголд авчирч чадсанд олон хүн талархалтай байгаа юм. Төхөөрөмжийг өнөөдөр 13.00 цагт ХСҮТ-д албан ёсоор хүлээн авах ёслолын арга хэмжээ болох юм байна.