УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Учир нь Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016 онд тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж буй туршлагатай парламентчийн хувиар Ёс зүйн дэд хороог удирдаж авч явах чадвартай хэмээн үзэж нэрийг дэвшүүлж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа.
Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэлжээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүссэн байна. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ.