ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Долоон улс руу явах мөнгийг хэмнэж чадлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-10

ЕТГ-ын дарга З.Энхболд Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож байгаа билээ. Тэрбээр, уулзалтын талаар байр сууриа илэрхийлэв. З.Энхболд дарга хэлэхдээ “Ерөнхийлөгч гуравхан хоногийн хугацаанд долоон ч улсын Ерөнхийлөгчтэй хамтын ажиллагааны олон ажлыг ярилцлаа. Долоон улс орон руу очих мөнгийг хэмнэж чадлаа гэсэн үг. Дэлхийн гурван тэрбум хүн амыг хамардаг, дэлхийн ДНБ-ий 4/1-ийг гаргадаг, эдийн засаг, аюулгүй байдал, газар нутгийн эвсэл бол ШХАБ юм.

Манай улс хамгийн удаан ажиглагчаар байгаа. Ажиглагчийнхаа статусыг өсгөх талаар Ерөнхийлөгч дөнгөж сая үг хэлсэн. Ер нь бол идэвхтэй хамтарч ажиллаж, дэд бүтцээрээ гурван тэрбум хүн амтай энэ бүс нутагтай холбогдох, түүгээр Монголд үйлдвэрлэсэн бараагаа зарах гэх мэтээр их олон ажил хүлээгдэж байна. Гурван талт хамтын ажиллагааны дөрөвдэх удаагийн уулзалтаа ч хийлээ.

Ирэх жил ч ажлаа дүгнээд ярихаар боллоо” гэсэн юм. Мөн “Ерөнхийлөгч дангаар яриад, эсвэл шийдээд ШХАБ-д элсчих асуудал биш учраас дотооддоо хэлэлцэж байгаа гэдгийг хэлсэн. ШХАБ болон гурван улсын хамтын ажиллагааны өрнөлийг ажиглаж байна” гэв. Мөн олон жил яригдсан дэд бүтцийн ажлаа явуулах талаар санал хэлсэн бөгөөд маш идэвхтэй байж, эдгээр төслүүдийг явуулах ёстой гэсэн саналтай байдгаа ярилаа.