ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арилжааны банкны эсрэг зээлдэгчид нэгдэж тэмцэнэ

O.Admin
2019-06-18

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Зээлдэгчдийн холбооноос арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай тэмцэл хийх талаараа мэдээлэл өгөв. Учир нь, сүүлийн 1-2 сарын дотор арилжааны банкууд хадгаламжийн хүүг бууруулсан боловч бүх төрлийн зээлийн хүүг огтхон ч бууруулаагүй аж. Монголын эдийн засаг цөөхөн хэдхэн банкны гарт байгаа энэ үед иргэд зээлийн өндөр хүүнд дарлуулж, үүнээс шүүх байгууллагын хаалга татдаг, сэтгэл зүйн дарамтад ордог, архинд орж, гэр бүл салах зэрэг олон сөрөг үр дагавар гарч байгааг Зээлдэгчийн холбооны тэргүүн, Сэтгэлзүйч Ц.Солонго хэлж байсан юм.

Сэтгэлзүйч Ц.Солонго хэлэхдээ “Арилжааны банк бол хувийн компани. Хувийн компаний мөлжлөгийг УИХ, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ч хязгаарлаж чаддаггүй. Валютын ханшийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага тогтоож байна.

Арилжааны банк болон ББСБ-д  бид зээлийн хүү бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоо гэсэн шаардлага хүргүүлнэ.  Хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат буюу жагсаал цуглаан зохион байгуулна. Зээлээ төлж чадалгүй эд хөрөнгөө хураалгасан иргэдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр, “Миний бие сэтгэлзүйч хүний хувьд банкны зээл, өр төлөх асуудлаас болж, айл болгонд маргаан үүсч, сэтгэл гутрал, гэр бүл салалт үүнтэй уялдаад өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэрэгт холбогдох, хулгай дээрэм ихсэх, хүний нутаг руу дайжих, амин хувиа хичээх гэх мэт нийгмийн бүх л хямрал мөнгөтэй холбоотой бий болж байгааг зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсээс өдөр тутам мэдэрч байна” гэв. Тиймээс энэ бүхний эсрэг тэмцэхээр нэгдсэн гэдгээ хэлж байлаа.

Б.Эрдэнэтуяа