ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ач холбогдолгүй бүх концессын гэрээг цуцална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төл­сөн гэх 40 сая ам.доллар замаа­саа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төл­сөн төлбөрийн баримт нь бай­гаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй хол­боо­той баримт байгаа, ил бол­гоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий.  Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно” хэмээсэн юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээ­лэл өгөхдөө “Эрдэнэт” үйлд­вэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх барим­тыг үзүүлж, дэлгэрэнгүй тайл­бар­лав. Тэрбээр, “Өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төл­бөр­тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгд­сэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо  Ш.Батхүү­гийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөн­­гүү­дийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төг­рөгийн үнэлгээтэй үл хөд­лөх хөрөнгө байна. Нэмэгд­вэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох талаар, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно” гэж мэдэгдлээ. Мөн өчигдрийн хурал­даанаар стратегийн ач холбогдолтой гэж үзэж боло­хуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.Ту­хайл­бал, Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиг­лэ­лийн кон­цес­сын гэрээг цуцалсан аж. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сум­тай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийд­вэр гаргаснаас гадна концес­сын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цог­цол­бор баригдахтай хол­боо­той багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзжээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэ талаар ярихдаа “Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч бай­на. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн бай­даг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ бие­лүү­лээ­гүй. Мөн барих, шил­жүү­лэ­хээр концессын гэрээг авч үлд­вэл цаашид бид өрийн дарам­таа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцал­сан. Стратегийн ач хол­бог­дол­той концессын гэрээ­нүү­дийг үргэжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тухайл­бал,  Говийн бүс уул уур­хайн төслүүдэд үйлдвэрийн тех­но­логийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шил­жүү­лэх болгож гэрээний нөхц­лийг өөрчилж сунгасан. Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замтай хол­боо­той төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр ший­дэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн сэлэнгэчүүдин хувьд чухал зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагаан­нуур, Түшиг,  Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын кон­цессыг мөн энэ нөх­цөлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй бай­хаар шийдвэрлэлээ.  Энэ Зас­гийн газрын зүгээс барих, ашиг­лах, шилжүүлэхтэй хол­боо­той саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үл­дэж байгаа. Бусад нөхцөлд барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй бай­хаар Засгийн газрын хурал­даанаар шийдвэрлэсэн” хэмээлээ.