ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-аар инновацийн тухай хуулийн төслийг шинэчилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-19

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инновац ба хөрөнгө оруулалт” форумаар инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн /2019.05.13/ Шинжлэх ухааны академи болон их сургуулиудын зарим эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтай танилцсаныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэхийн зэрэгцээ инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулахаар санаачилсан байна. “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд УИХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-д инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким “Инновцийг ашиглан амжилтад хүрэх нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий нийтэд инновацийг ашигласан тийрэлтэт өөрчлөлт бүх салбарт гарч байхад бид уламжлалт сэтгэлгээгээрээ аливаа зүйлд хандаад суух боломжгүй болжээ. Хүн бүр, байгууллага бүр,  салбарт бүрт мэдлэг, оюун шингээсэн шинэ сэтгэлгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Наад зах нь бид хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдээ ашиглаад дэлхийд өрсөлдөх чадвартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой.

УИХ-аар Инновацийн тухай хуулийн шинэчилэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гээд иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллаасай. Ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна,  түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэв. Форумын үеэр дэлхийн шилдэг инновацийн компанийн удирдлагууд манай гарааны компаниудын дэлгэн тавьсан инновацийн төсөл, бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Үүний дараа “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким, “Олон сайхан бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Монгол Улсдаа биш глобаль зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ анхнаас нь хөгжүүлэхдээ олон улсын зах зээлд гаргана гэдгээ заавал төлөвлөх шаардлагатай” хэмээн санал бодлоо хуваалцлаа.