ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Пүрэвбаатарын хаусыг албадан хураах ажлыг дөрөв хоног хойшлуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-20

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын байгууллагын мөнгө буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг шүүхийн шийдвэрээр албадан хурааж авах тухай мэдээллийг манай сонин анхлан олон нийтэд мэдээлсэн билээ. 

Улмаар өнөөдөр өглөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид гүйцэтгэх ажиллагааг явуулахаар байрны гадаа очоод байгаа талаар  мөн л манай сайт мэдээлсэн. Нүүлгэх ажлыг гүйцэтгэхээр нийт таван машинтай албан хаагчид очсон ч албадан хурааж авах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ирэх даваа гарагийн өглөө 08.30 цагт дахин албадан хураах ажлыг хийх юм байна. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Л.Пүрэвбаатар мөн л “Манай байшинг албадан хураах үйл ажиллагаа явагдаагүй” хэмээн хэвлэлд мэдэгдэл гаргажээ. 

Эргэн сануулбал, “УБТЗ”-ын даргын албан тушаалд томилогдсон өдрөө буюу ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээгээ ч хийж амжаагүй байхдаа тухайн үед Төрийн өмчийн хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогтбаатар гэгчтэй орон сууц худалдан авах хууль бус гэрээ байгуулсан гэдэг. 

Даргын албан тушаалд очсоноос хойш 20 хоногийн дотор байгуулсан гэдгийг “УБТЗ”-ын төлөөллүүд мэдээлж байсан юм. Үнэтэй хаусын маргаан шат шатны шүүх дамжин “дүүжин даажин” болсоор эцэст нь УБТЗ-ын өмч учраас буцаан өгөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэрээр Л.Пүрэвбаатарын энэ үйлдлийг хууль бус гэж тогтоосон хэдий ч 1.5 тэрбумын хаус хууль ёсны эзэн буюу “УБТЗ”-ын мэдэлд очоогүй өнөөдрийг хүрчээ.