ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Ц.Элбэгдорж оо, та ирж мэдүүлгээ өгөөрэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-26

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрбээр, АТГ-аас соошл орчинд лайв бичлэг хийсэн юм. З.Энхболд дарга хэлэхдээ “Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдүүлэг өгөхдөө тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-д хэлэлгүйгээр авчихсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Ийм зүйл байхгүй ээ.

Байхгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэхгүй авсан нь буруу. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаад байгаа гэнэ. Та ирж мэдүүлгээ өгөөрэй. Ч.Сайханбилэгт өөрөө нөлөөлсөн гэдэг нь сүүлийн гурван жилд УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс ойлгомжтой байгаа. Тиймээс эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр юм “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Гагцхүү улсдаа юу, хувьдаа юу гэдгийг тухайн үеийн Их хурал шийдэх байсан. Гэтэл тэгээгүй. Одоо энэ УИХ улсдаа байх ёстой гэдэг шийдвэр гаргаж байгаа юм билээ. Худалдаж авсан компани хуулийн дагуу эх үүсвэрээ бүрдүүлсэн бол буруутгахгүй. Тиймээс энэ хэргийн учрыг хурдан олох нь дээр байх” гэсэн юм.