ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ыг...dislike, МАН-ыг...атгасан гар, хоёуланг нь...дунд хуруу

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

Орчин цагт юм бүхэн өөрчлөгдөхийн хэрээр зүйр цэцэн үгийг хүртэл шинээр зохиох шаардлага үүсч байна. Өнөө цагт “Даргатай өстэй бол намгүй, даамалтай өстэй бол тэтгэмжгүй” гэдэг зүйр үг яг тохирно. Намынхаа ариун номлолыг зөрчиж, дураараа авирлавал хэчнээн өндөр албан тушаалтай байгаад ч нэмэргүй, хөөгдөнө. Цахим ертөнцөөр “аялах”-даа болгоомжтой байхгүй бол гар чинь хальтраад, намыг муулсан, даргыг “хуссан” бичвэрийн дор лайк дарж балрав. Хамгийн том хоёр гурван намын дарга ойрдоо их ширүүн байгаа. Хазгай гишгэж, буруу ярьж, хаана лайк дарахаа мэдэхгүй андуурсан гээд хүн бүрийг намаасаа хөөж байгаа. МАН-ынхан намдаа эрс шинэчлэл хийж, даргаа өөрчилснөөс хойш хэдэн хэд хүн хөөв. 60 тэрбумын гэгдэх хэргийн “автор” Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь буулгаж, намаас хөөсөн. Түүнтэй хамт “60 тэрбум” гэх агуу санааг олсон А.Ганбаатар гэдэг нөхрийг ч МАН-д үлдээлгүй хөөсөн билээ.  Намын нэр хүндийг шавартай хутгах санаачилгыг анх гаргасан учраас хөөгдөх шийтгэл зүй ёсных байсан биз. Дараа нь Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулууныг намаас хөөсөн. Намын ариун номлол, журмыг зөрчиж, Хотын даргын сонгуульд заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн том нүгэл үйлдсэн учир хөөгдөх шийтгэл оноосон нь тэр.  МАН гишүүдээ хөөж байхад АН дутвал нүгэл болох биз.  

Эхлээд хаана ч билээ, гадаадад гэсэн байх аа сая ам.доллароо мартсан Сангийн сайд асан С.Баярцогтыг хөөсөн юм. Хөөсөн үндэслэл нь гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ эх орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэх мэтээр үргэлжилнэ. Одоохондоо шүүх түүнийг ийм хэрэг хийсэн гэж нотлоогүй байгаа. Харин АН-ын ариун нэр хүндийг унагасан учраас шүүх нотлоогүй ч нам нотолж, хөөсөн. Одоо яая гэх вэ, хэн ам.доллароо хаа хамаагүй мартаад, гэрээ хийхдээ улс орноо хохироосон гэсэн сэдэл намынхаа удирдлагуудад төрүүл гэсэн юм. Манай С.Баярцогт гуай чинь булган сүүлтэй. Араасаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдавааг “чирэв”. “Попын хаан”-ы алдрын төлөө зуузай холбож яваа хоёр гишүүнийг ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан асуудалд сайдууд нь холбогдсон Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар болоход намын шийдвэрээс зөрсөн гэсэн үндэслэлээр гишүүнчлэлээс  дөрвөн жилийн хугацаанд хассан. Д.Пүрэвдаваа гэдэг хүнийг ч гэсэн намын гишүүний үүргээ удаа дараа зөрчиж, дүрэм зөрчсөн үндэслэлээр “хөөсөн”. Тэд өөрсдөө л АН-ын даргын баадууг чангалж, уурыг нь хүргэсэн. Намын шийдвэрийг “жадалсан”. ЖДҮХС-гаас гишүүд зээл авах ёстой гэж үзэж буйгаа далдуур илэрхийлж, Засгийн газарт хариуцлага тооцохоос татгалзсан. Тийм байхад намаас хөөхгүй гээд ч яах билээ. Намд орж, батлах авч, тойрогтой болж сонгогдчихоод, дараа нь даргынхаа “бөгсөн дээр бүлээн жин” тавиад байвал хэн ч уурлана. Намаас хөөнө. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг юм шүү.

Энэ хоёрын хажуугаар МАХН-ынхан яаж зүгээр байх билээ. УИХ-д ганц суудал авчирч өгсөн О.Баасанхүү гишүүнээ намаас хөөсөн. Биш ээ, О.Баасанхүү гишүүн намынхаа даргыг хөөсөн ч бил үү. Эсвэл гишүүн өөрөө намаа хөөчихсөн ч байж магадгүй. Ямар ч байсан харилцан хөөцөлдсөн үйл явдал болж, МАХН нөгөө хоёрын жишигт нийцэхээр нам  гэдгээ харуулсан.   Нэгэнт уур нь хүрсэн даргын бухимдлыг дараагийн сонгууль хүртэл юу ч тогтоож дийлэхгүй гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна.  Намын даргыг муулсан бичвэрийн дор лайк дарсан гишүүнээ хүртэл хөөжээ. Хөөхгүй яадаг юм, сонгууль дөхөөд, нэр хүндээ бага ч болов өсгөхийн төлөө нойр хоолоо хасан тэмцэх ёстой гишүүд даргыг муулсан нийтлэлийг дэмжиж, лайк дараад байхдаа яах вэ дээ. Тийм мэдрэмжгүй хүнийг намаас хөөсөн нь дээр. Хөөгдсөн хүн ч энд тэнд шалчигнаад яваад байх шаардлагагүй. Яах гэж даргатай өстэй бол гэсэн юм, ингээд намгүй явж байхгүй юу. Нам заавал хэрэгтэй гэвэл өөр нам Монголоор дүүрэн байгаа. Ганцхан намын бодлогыг сөрж, даргыг нь муулсан нийтлэлийг дэмжиж лайк дарахгүй л байх ёстой. Ер нь бүгдээрээ нэг зүйл тохирох хэрэгтэй байна. Нэгэнт цахим ертөнц хүчээ авчихлаа. Тэр ертөнцийг хэн ч, яаж ч ашиглаж болно. Бас дарга нар чадлаа хянаж байгаа. Тиймээс сонгуулиас өмнө фэйсбүүкт ямар эмож хэрэглэхээ тохиръё. АН-ыг эсэргүүцэж байгаа нь доошоо харсан эрхий хуруу буюу dislike. МАН-ыг эсэргүүцэж байгаа нь зангидсан гар. Хоёуланг нь дэмжихгүй бол дунд хуруу гозойлгосон эмож дарж бай. Сайхан үзэл бодлоороо хуваагдаад, эможоо хэрэглэчихье. Нам эсэргүүцсэн хэрэгт ганц нэгээрээ орж, хөөгдөөд байхгүй амар.