ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шатахууны үнэ наадмын өмнө 50-60 төгрөгөөр бууна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн  бага хурал  өчигдөр боллоо. Хурлаар салбарын тавдугаар сарын статистик мэдээлэл,  шатахуунтай холбоотой асуудлуудыг онцлов. 

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс алт 15.8 тэрбум, нүүрс  523.3 тэрбум, цайр  41.4 тэрбум, зэс 531 тэрбум, төмөр 9.8 тэрбум, жонш 13.5 тэрбум, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна. Улмаар улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өсчээ.

Дэлхийн зах зээл дээр 3-5 сард шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж,  манай улсад ч тодорхой хэмжээнд өссөн юм. УУХҮЯ, ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох газрууд Үнийн зөвлөлийг хуралдуулж,  хуульд нийцүүлэн  тодорхой ажлуудыг  хийлгэх үүрэг чиглэлүүдийг өгч ажиллажээ. Улмаар Үнийн зөвлөлийн  хурал­даанд аж ахуй нэгжүүдийг  оролцуулж, үүрэг даалгавар өгсөн байна. Тавдугаар сард  дэлхийн  зах зээлд  шатахууны үнэ буурсантай холбогдуулан зургадугаар сарын 15-аас хойш хямд өртөгтэй шатахуун борлуулж эхэлсэн гэдгийг Д.Сумъяабазар сайд онцлов. Ингэхдээ  хэдхэн хоногийн өмнө 60 төгрөгөөр  буурсан. Харин долдугаар сарын  эхээр дахин 60 төгрөгөөр буулгах боломжтой. Нийтдээ 120 орчим  төгрөгөөр буурах аж. 

АМГТГ-ын,  Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Энэ оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлсэн нефть тонн тутамд 25 ам.доллароор бууж, манай улсад ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллароор буурч орж ирэх магадлалтай. Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна” гэдгийг онцолсон. Зургадугаар сарын эхээр  буурсан шатахууны үнэ буцаад  хэдхэн хоногийн дараа нэмчихдэг талаар иргэд гомдоллодог.  Үнэ бодитой буурч байгаа эсэхийг хэрхэн хянаж байгаа талаар ярихдаа, “Яамнаас долоо хоног тутамд мэдээ, тайлан гаргадаг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд манай агентлаг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар болон үнэд хяналт тавина гэж тусгасан байдаг. Үүний дагуу манай харьяа хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг” гэв.

 

Шатахууны үнэ болон  бусад  асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Шатахууны үнэ буурсан ч, бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Шатахууны үнийн өсөлтөөс бууралт хооронд их ярьдаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч буурдаггүй. Дахиад шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад ард нь найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг атлаа шатахууны үнэ буурахаар дагаад буурдаггүй. Энэ асуудлаар ШӨХТГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзаад, найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтөд хяналт тавь гэдэг чиглэл өгсөн. Нийгэм өнөөдөр шударга байдлыг хүсч байна. Гэтэл бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатахуунтай холбон тайлбарладаг. Үүний ард бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор, дур зоргоороо нэмэх тохиолдол  элбэг бий. 

-Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн  УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудал Засгийн газар түвшинд яригдаж байгаа юу?

-Оюутолгой төслийн гэрээний талаар бид сайтар ярилцах ёстой. Оюутолгой компани Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Мөн улсын төсөвт жин дарж байгаа нь үнэн. Гадны хөрөнгө оруулагч 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа нь мөн үнэн. Тиймээс асуудалд ухаантай хандах нь зөв. Олон улсын бүх санхүүгийн байгууллагууд ирж уулзаж байна. Мөн Канад, Австралийн Элчин сайд нар уулзсан. Хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгөндөө санаа зовж байгаа. 700-1000 орчим туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд Оюутолгойд нийлүүлэлт хийж ажиллаж байна. Тэнд магадгүй таван жилийн дараа гэхэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчнүүд ажиллаж байгаа. Тиймээс гэрээнд нухацтай, зарчимч, ухаантай хандаж дотоодынхонтой ярилцах ёстой гэж үзэж байна. Дубайн гэрээг зөвтгөөгүй.

Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбар буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг тавина. “Рио Тинто” компанийн удирдлагуудад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд саналуудаа өгч, ажлын хэсэг ч байгуулагдсан. Яамны зүгээс гэрээтэй холбоотой тооцоо, судалгаа, ТЭЗҮ зэрэг  холбогдох баримт бичгүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж, ажлын хэсэгт хүргүүлж байна. Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал мөн татвар, эрчим хүч, Өмнөговийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаар сайдаар ирсэн даруйдаа  ажлын хэсэг байгуулж ажилласаар байна. Зээлийн хүүг бууруулах ёстой. Мөн татварын асуудал,эрчим хүчний асуудлыг тус тус шийдэж, Өмнийн говийн бүс нутгийг эрчим хүчний хэрэглээгээр хангах ёстой юм. Энэ бүс нутгийг хөгжлийн төв болгож Даланзадгадыг уул уурхайд суурилсан орчин үеийн хот болгохын төлөө хүчээ нэгтэн ажиллах шаардлага бий. Талууд ширээний ард суух цаг тун ойрхон гэж бодож байна.

-“Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийг солих уу? 

-Бид энэ талаар ярилцаж байна. Саналаа ч хүргүүллээ. Засгийн газрын түвшинд яригдах асуудал болохоос салбарын сайдын бодсоноор биелэх асуудал биш.

...Хэвлэлийн бага хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд  IPO гаргах бэлтгэл ажлын талаар тус компанийн захирал Б.Ганхуяг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай. Манай улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас зарим асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт,  санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжид цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг юм. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хэмжээнд хангасан гэж хэлж болно. Гэхдээ удирдлагуудыг  солино гэсэн зүйл байхгүй. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад үүгээр дамжиж IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна” гэлээ.