ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эх орондоо тавтай морил

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-27

Хол газар томилолтоор ажиллаж байгаад ирсэн нэгэн сэтгүүлч залуу өөрийнхөө нүүр номд “Эх орондоо тавтай морил. Энэ дөрвөн үгийг хэлэхэд тийм хэцүү гэж үү” хэмээн бичсэнийг уншаад нээрээ ч Нисэхийн хянан шалгах хэсэгт сууж буй тэдгээр ажилтнуудын амнаас нэг удаа ч болов ийм үг сонссон билүү гэж бодоход хүрэв. Ажлын шаардлагаар томилолтоор олон удаа яваад ирдэг ч тэдний царайнаас инээмсэглэл, энэ дөрвөн үгийг сонсож байсан минь тун ч цөөхөн санагдлаа. Надтай адил олон хүн энэ үгийг хэлчихээсэй гэж боддог талаараа сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Энэ бол хүндлэл хүлээх гэсэн ёсорхуу зангийн илрэл огтхон ч биш. Ерөөс хүн хоорондын харилцааны хамгийн энгийн соёл гэж боддог юм. Тэд ганцхан монголчуудад ч бус гадны олон жуулчин, ажлын шугамаар явж буй хүмүүст үйлчилдэг.

Тэр бүхэнд “Монгол Улсад тавтай морил” эсвэл “Эх орондоо тавтай морил” гэдэг үгийг хэлчихдэг бол тухайн хүний сэтгэл хэчнээн сайхан болох билээ. Монгол Улсын тухай төсөөлөл нь хилийн дээс алхсан тэр үеэс л эхлээд өөрчлөгдөнө. Тиймээс нисэх байгууллагын удирдлагууд хянан шалгах хэсэгт ажилладаг албан хаагчдаа үйлчилгээний наад захын соёлд суралцуулмаар санагдсан учраас энэ сэдвийг зориуд хөндөхийг хүслээ. Тэр тусмаа хүний нутагт олон жил амьдарч, ажиллаж байгаад ирсэн хүмүүст энэ үг ямар үнэ цэнтэй сонсогдох бол. Ажлын цаг давчуу, олон зуун хүний бичиг баримтыг шалгах гэх мэтээр завгүй байдгийг ойлгож байна. Гэвч бичиг баримтаа бариад өмнө нь хүрээд ирсэн нэгэн рүү ядахдаа л инээмсэглэдэг, гадны жуулчид байвал “Монгол Улсад тавтай морил” гэдэг үгийг хэлээд сурчихвал бид өнөөх олон улсын үйлчилгээний соёл гэдэгт бага ч болтугай дөхөж очмоор санагддаг юм.

Дан ганц нисэх байгууллагад ч бус орон нутгийн тасалбар түгээх, төмөр замын тасалбар түгээж, борлуулж буй ажилтнуудад ч энэ мэт соёл байдаггүй. “Аян замдаа та сайн яваарай, сайн явж ирэв үү” гэх харилцан яриаг ядахдаа өдөр тутмын ажилдаа ашиглаад сурчихвал олон ч таагүй харилцаа, бухимдсан үйлчлүүлэгчийн сэтгэлийг амгалан болгоно доо. Сая гаруй хүн амтай мега хотын иргэн бид бүхэн дор бүрнээ хичээж, үйлчлэх болон үйлчлүүлэх энгийн соёлд суралцаж, баярлалаа, баяртай, сайн байна уу гэдэг хэдхэн үгийг хэлчихдэг, бусадтай инээмсэглэн харьцдаг болчихвол хэчнээн сайхан. Ийм соёл манай улсын салбар бүрт дутагдаж байна даа.