ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Томилсон эзэндээ үйлчлэх буруу жишгийг хална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-27

Гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал анхаарлын төвд оров. Анх удаа УИХ-ын чуулганы хуралдааны босго давж чадсан нэмэлт, өөрчлөлтийг зургадугаар сарын 18-ны өдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар “хэлэлцэх нь зөв” гэж нийт гишүүдийн 98.4 хувь нь үзсэн билээ. Харин энэ өдрүүдэд 76 гишүүн тойрогтоо ажиллаж, олон нийтэд нэмэлт, өөрчлөлтөө танилцуулахаас гадна санал хүсэлтийг нь сонсож байна. Парламентын гишүүд долоо хоногийн хугацаанд энэхүү ажлыг гүйцэтгэх бөгөөд цуглаж ирсний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хийнэ. Үүний дараа ард түмний дунд санал асуулга явуулна. 

Ингэхдээ нийт иргэдийн 50-иас илүүгүй хувь нь санал асуулгад оролцох бөгөөд “хэлэлцэх ёстой” гэж иргэдийн олонхи шийдсэн тохиолдолд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг үргэлжлэх нь ээ. 2000 оны “дордохын долоон” өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа нэг нам үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн энэ цагт “эцэг” хуулиа өөрчлөх асуудал идэвхтэй өрнөж эхлэв. Үндсэн хуульд нийт таван сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулах бөгөөд сэдэв бүрээр, салбар болгонд хэлэлцүүлэг өрнөж байна. Гүйцэтгэх засаглалын хариуцлагыг нэмэгдүүлэх, тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг нэмэлт өөрчлөлтөөс гадна хууль шүүхийн салбарт ямар өөрчлөлт орж байгаа нь мэдээж олны анхаарал татах сэдэв юм. Тиймдээ ч яг энэ цаг үед таван сэдвийг тус бүрт нь задалж, ямар өөрчлөлт хэрхэн хийгдэх талаар уншигчиддаа илүү тодорхой мэдээлэл, нэгдсэн ойлголт өгөхийг зорилоо. 

 

Цэцэд дахин томилгоо хийгдэхгүй 

Хууль шүүхийн байгуул­лагад бугшсан олон алдаа завхрал “томилсон эзэндээ үйлчлэх” гэсэн буруу жишгээс эхлэлтэйг өнгөрсөн 28 жилийн турш бид харлаа. Тухайлбал, ямар нэг эрх мэдэлтэн, улс төрийн намаас ангид байж шийдвэр гаргах учиртай Үндсэн хуулийн цэцийн гишүүд томилсон нэгэндээ үйлчлэх зарчмаар ажилладаг болсон. Хэдэн ч удаа улираан томилж болдог учраас албан тушаалдаа илүү олон жил болох гэсэн Цэцийн гишүүд томилсон нам, эрх мэдэлтэнд үйлчилдэг юм. 20 гаруй жил Цэцийн гишүүнээр ажилласан хүмүүс ч энэ байгууллагад бий. Тэтгэвэрт гарсан, улс төрд ахицгүй болсон хүмүүсийн хоргодох байр болоод байсан учраас томилгоог зөвхөн есөн жилээр нэг удаа хийхээр өөрчлөлт оруулж байгаа нь олон хүний талархлыг хүлээв. Дахиж сонгогдох гэсэн ойлголт байхгүй болсноор илүү шударга зарчмаар ажиллах, нөгөөх Цэцийн дээр хөх тэнгэр л байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ гэж харжээ. Гурвыг нь УИХ болон холбогдох байнгын хороо, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, олонхийн саналаар томилно. Ерөөс дэлхий нийтээр нэг л удаа томилогдоод, нэр төртэйгөөр асуудлаа шийдээд явдаг зарчмыг Үндсэн хуульдаа харин ч хожуу тусгаж байгааг хуульчид хэллээ. Үүнээс гадна “шударга бусын хонгил” байгуулсан хэмээн адлагдах хүртлээ нэр хүнд нь унасан хууль, шүүхийн байгууллагад ямар өөрчлөлт хийх нь олны анхаарлыг татлаа. Тэгвэл шүүгчийн хариуцлагын асуудлыг дээшлүүлэх талаар хэд, хэдэн өөрчлөлт оржээ. Үндсэн хуулийн 51.1-нд “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ” гэсэн заалтыг 21 шүүгчээс бүрдэнэ гэж тодорхой тусгаж өгсөн. Мөн шүүхтэй холбоотой томилгооны заалтыг илүү дэлгэрүүлсэн бөгөөд ШЕЗ бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч харин 21 хоногийн дотор батламжлах эсэхээ шийдэх бөгөөд Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл татгалзаж, үндэслэлээ олон нийтэд мэдээлэх аж. Томилгоог илүү шударга байлгах үүднээс Улсын дээд шүүхийн шүүгчээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг 12 жилээр зөвхөн нэг удаа томилно гэж өөрчилсөн бөгөөд Ерөнхий шүүгчийг харин нэг удаа улируулан томилж болно хэмээжээ. Шинэчлэн боловсруулсан нэмэлт өөрчлөлтөд Улсын дээд шүүх болон бүх шатны шүүгч нарын томилгоо, албан тушаалд томилогдох шалгуур, нас, боловсрол зэргийг нэгбүрчлэн тодорхой тусгаснаар хууль, шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сэргэж, хариуцлагаа дагаад хяналт ч бий болно гэв. 

 

Шүүхэд улстөрчдийн шахааны хүн орж ирэх нь 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Шүүхийн ерөнхий зөвлөлийн томил­гоотой холбоотой заалт нь ийм хардлага бий болгожээ. Тодруулбал, ШЕЗ-тэй холбоотой 49.5 дахь заалтыг илүү дэлгэрүүлж, өөрчлөлт оруулахдаа “Шүүхийн Ерөн­хий зөвлө­лийн гишүү­дийн тавыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо томилно” гэж тусгажээ. Энэ нь нөгөөх л томилсон эрх мэдэлтэнд үйлчлэх, ах дүү, амраг садны хэлхээ холбоотой нэгнээ томилох үүд хаалгыг нээж өгсөн үү гэх хардлагыг дагуулав. ШЕЗ-ийн нийт гишүүдийн тоо нь 10. Тэгэхээр УИХ тэдний 50 хувийг томилно гэсэн үг. Тэр дундаа холбогдох байнгын хороо гэж тусгахаар Хуульзүйн байнгын хорооны дарга, тэр байнгын хороонд харьяалагддаг гишүүд давуу эрх эдэлнэ гэх шүүмжлэл байгаа юм. Тэгвэл Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ асуудалд тайлбар хийхдээ “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас эдгээр таван гишүүн нь ард түмний төлөөлөл байна. Таван гишүүнийг томилохдоо чуулганы хуралдаанд оролц­сон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилгооны сонсголд оруулж томилно. Тэгэхээр нэг улс төрийн хүчин дангаараа бус 76 гишүүний ойлголцох, түүний ард 3.2 сая сонгогч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Мөн шууд томилохгүй бөгөөд Ерөнхийлөгч батламжилна. Таван гишүүн нь мэргэжлийн шүүгч нар дундаасаа үлдсэн тавыг нь ард түмнээсээ гарч байгаа нь УИХ-аар дамжиж гарч ирж байна гэж ойлгох хэрэгтэй” хэмээжээ. Нийт гишүүдийн 50 хувийг УИХ томилсноор хариуцлага нэхдэг байх, мөн шударга ажиллахыг шаардах боломж бүрдэнэ гэж онцлов. Нэг нам үнэмлэхүй олонхи бүрдүүлээгүй тохиолдолд энэ томилгоо цэвэр мэргэжлийн байх давуу талтай. Харин нэг нам олонхи бүрдүүлчихвэл ард түмний гэхээс илүү эрх барьж буй намын хэдэн гишүүдийн танил, тус намын дэмжигчдэд боломж бий болох учраас хэлэлцүүлгийн явцад энэхүү заалтыг илүү боловсронгуй болгох биз ээ.  

 

“Хянан шалгах түр хороо” байгуулах зорилго юу байв 

УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах явцад иргэдээс тавьж буй олон асуулт дунд хамгийн их давтагдсан асуултын нэг энэ юм. УИХ дэргэдээ Хянан шалгах түр хороо байгуулна гэсэн заалтыг мушгин гуйвуулж буй хэсэг нь хууль, шүүхийн өмнөөс ажлыг нь хийх гэж байна гэж хардаж байгаа. Арга ч үгүй. Өнөөдрийн УИХ-д байгаа цөөн хэдэн популист гишүүдийн хар гайгаар УИХ-ын үндсэн үүрэг нь мартагдаж, хууль шүүхийн байгууллагын ажлыг өмнөөс нь хийж байгаа юм шиг харагдах болжээ. С.Зориг агсны хэргийг хянан шалгах түр хороо гэгчийг байгуулсан ч “ард түмний гарын үсгээр хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг суллана”, “шүүгч нарыг чөлөөлнө” гэх мэтээр хэн нэгний бурууг шүүдэг, эсвэл шүүхийн шийдвэрийг УИХ руу татаж авчрах зэргээр хэтрүүлэн эрх мэдлээ ашиглаад байгаа учраас УИХ дэргэдээ “жижигрүүлсэн шүүх танхим”-тай болох уу гэсэн иргэдийн болгоомжлолыг буруутгах аргагүй юм. Гэвч, гишүүдийн тайлбарлаж буйгаар энэхүү түр хороо нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй байгууллага биш юм.

Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, хаалттай хаалганы цаана хуралдана. Ингэхэд нь УИХ-ын 19 гишүүн нэгдэж, хянан шалгах хороо болон ажиллах гэнэ. Харин хуулийн байгууллагад байгаа асуудалд Хянан шалгах хороо байгуулахгүй бөгөөд нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар гэрч дуудах, тайлбар авах бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлэхээр зохицуулжээ. 2008 оны долдугаар сарын 01-ны хар өдрөөр хуульчид жишээ авсан байх юм. Энэ өдөр таван залууг хүчний байгууллагынхан буудаж,амийг нь хөнөөсөн. Хэн хаанаас захиалга өгсөн, хэний тушаалыг биелүүлсэн нь өнөө хэр тодорхойгүй байгаа бөгөөд хэдхэн хүн хагас дутуу ял эдлээд өнгөрсөн байдаг. Яг ийм асуудал гарлаа гэхэд УИХ нь Хянан шалгах түр хороо байгуулан асуудлыг тодруулахаас гадна хаалттай хаалганы цаана Ерөнхий сайд дураар дургиж байвал асуудлыг УИХ руу оруулж ирдэг эрүүл улс төрийн тогтолцоо бүрдэнэ гэж тайлбарласан байх юм. ОУПХ-ноос манайд удаа дараа ийм хүсэлт тавьсан бөгөөд дэлхийн 88 улсын парламент нь дэргэдээ Хянан шалгах түр хороо ажиллуулдаг аж. Гагцхүү тэр хороо нь шүүхийг орлох гэж улайрч, шүүхийн өмнөөс шийдвэр гаргахгүй, хууль тогтоох эрх мэдэл рүү орохгүйн тулд хил хязгаарыг нь тогтоож өгөх шаардлагатай юм. Үүнийг ч хэлэлцүүлгийн явцад илүү тодорхой болгох биз ээ.