ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг оруулж иржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн  ээлжит 26 дугаар хуралдаан яг одоо болж байгаа билээ.  Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон, өнгөрөгч оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэж байгаа юм. 

Тэгвэл энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайханы зүгээс Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг оруулж ирсэн байна. Түүний хувьд НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн бөгөөд намаас сонгосон Хотын даргадаа яагаад итгэл үзүүлж чадахгүйд хүрсэн нь сонирхолтой. Төлөөлөгч Ж.Батсайхан   “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө улайран томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй.

Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил. Бодлогын хэмжээний, мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нэг ч хийгдэхгүй байна. Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм.

Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийнхөө Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа тань үнэн. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог. Тиймээс Хотын Засаг даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бөгөөд огцруулахын төлөө эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ” гэлээ. 

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ч удаа дараа тавьж буй. Хотыг удирдаж чадахгүй байгаа, мөн төсвийг буруу зарцуулсан, Туулын бургасыг түүний дүүгийнх нь компани хядсан, ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн учраас огцрох ёстой гэж үзэн, зургадугаар сарын эхээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан юм. 

Тэгвэл энэ удаа намынх нь бүлгийн гишүүнээс ийм санал орж ирсэн аж. Сөрөг хүчний улстөржилт хэмээн булзааруулж байсан ч нам нь дотооддоо ч түүнийг эсэргүүцэж эхэлсэн нь энэхүү үйл явдлаас харагдаж эхлэв.