ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-28

Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.  

Товч мэдээ

-  Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. Энэ онд тэрбум гаруй төгрөгийг олгох боломжтой бөгөөд аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

-  Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна.  

-  Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.

-  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

-  Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны долдугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.