О.Дөлгөөний биеийн байдал сайжирчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-30

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч тэрбээр АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар өнөөдөр /2019.06.30/ Mongolia for Dulguun цахим хуудсанд албан ёсны мэдэгдэл байршуулжээ.

Уг мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дах эмчилгээгээ хийлгэсэн байна. Гар хөлөө хөдөлгөх гэж өөрөөс нь маш их хүч гарч байгаа учир аав ээжийг өдөрт хоёр удаа л оруулах болсон байна. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Онцолход, Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн О.Дөлгөөнд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Тодруулбал, ирэх сарын 3,4-ны өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг багуудын тоглолт болох бөгөөд тасалбараас олсон орлогыг О.Дөлгөөний эмчилгээнд зориулах юм.