Спорт
Б.Мөнх-Оргил дифийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифийн бөхийн төрлүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-ын Владимир хотод болж байна. Насанд хүрэгчдийн тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин хүч…

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифийн бөхийн төрлүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-ын Владимир хотод болж байна. Насанд хүрэгчдийн тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин хүч үзсэн юм. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ангилалд Армен, Азербайжан, Беларусь, Болгар, Грек, ОХУ, Монгол, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан ,Турк гэсэн 12 орны 73 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.
70 кг-ын жинд манай улсын тамирчин Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Болгарын Иван Стойловыг цэвэр ялсан ч хагас шигшээд Туркийн Исмаил Бостанчид 4:9-өөр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Армений Аргишти Бабаяныг цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон байна.
Харин “Самсун-2017” Дифлимпийн наадмын медальтнууд бүгд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ. Тодруулбал, 61 кг-д өсвөр үеийн дэлхийн аварга Н.Эрхэмбаяр ОХУ-ын Аскар Аскаровт 8:14-өөр, 65 кг-д Д.Чинзориг Кыргызстаны Алмазбык Исаковт оноогоор цэвэр, 79 кг-д Ш.Батбаатар Ираны Сайед Юнеси Хасикандид 2:3-аар тус тус ялагдав.