DARDAS.MN

Спорт

Дэлхийн аварга М.Анхцэцэг: Хүндийг өргөлтийг дэмжиж байдаг үнэнч үзэгчдэдээ баярлалаа

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн баярт…

Нийтэлсэн:

Дэлхийн аварга М.Анхцэцэг: Хүндийг өргөлтийг дэмжиж байдаг үнэнч үзэгчдэдээ баярлалаа

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг алтан медаль хүртсэн баярт мэдээг бид хүргэсэн билээ.

Ингэснээр дэлхийн аварга болсон Монголын анхны хүндийг өргөлтийн тамирчин болж, Монголын спортын түүхийн хуудсанд нэгэн шинэ түүх бичлээ. Тэрбээр огцмоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.

“Эрхэт Монгол” группын тамирчин, “Бөртэ Чоно-2021” наадмын шилдэг эмэгтэй тамирчин, МУГТ М.Анхцэцэг дэлхийн аваргын медалиа гардаж авсны дараа “Намайг дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Хүндийг өргөлтийг дэмжиж байдаг үнэнч үзэгчдэдээ баярлалаа. Та нар байхгүй бол өнөөдрийн энэ амжилт байхгүй байсан шүү.

Илүү олон олимп, дэлхийн медальтнууд төрөх хүртэл биднийг дэмжсээр байгаарай. Ханьдаа, аав ээждээ, багшдаа, баг хамт олондоо, намайг дэмждэг бүх хүмүүст баярлалаа. Энэ хүртэл ирэхэд зардал санхүү бүх зүйлээр тусалсан “Эрхэт Монгол” группынхандаа ч маш их баярлаж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ. Харин түүний багш, шилдэг дасгалжуулагч Ц.Хосбаяр “Ийм сайхан мөчийг үздэг юм байна. Сайхан байна” хэмээлээ.