Энтертайнмэнт
Д.Жаргалсайхан: Монголд рок поп урсгал хаагдахгүй өдий хүрсэн нь хөгжим, урлагт дуртай хүмүүсийн гавьяа
Монголын рок попын ууган хамтлагийн нэг болох "Чингис хаан" хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо Бөхийн өргөөнд гурван өдөр дарааллан тоглож байсан билээ. Түүнээс хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо энэ сарын…

Монголын рок попын ууган хамтлагийн нэг болох "Чингис хаан" хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо Бөхийн өргөөнд гурван өдөр дарааллан тоглож байсан билээ. Түүнээс хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо энэ сарын 16-ны хагас сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж, дуунд хайртай монголчуудын сонорыг мялаах гэж байна.
Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж бөгөөд үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулах аж. Үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тойрон тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлэх боломжийг олгох юм байна.
Энэ үеэр Ардын жүжигчин "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан:
-Тусгаар тогтнолын билэгдэл буюу Чингис хаан нэрийн дор хэсэг уран бүтээлчид нэгдэн 30 гаруй жилийн нүүрийг үзжээ. Бидний үед эзэн хааны тухай уншиж судлах нь бүү хэл, нэрийг нь хэлэх ч эрхгүй байлаа. Дэлхий дахинд Чингис хааны нэрээр нэрлэсэн цөөнгүй хамтлаг бий. Харин Монголд манай хамтлаг байна. Гэхдээ тэд Монголын өнгөрсөн түүхийг монгол хүн шиг дуулж чадахгүй байх гэдэгт итгэдэг. Тиймээс уран бүтээлээ өнөөдрийн зовнил, маргаашийн санаа зоволттой хамт дуулж ирсэн. Үзэгч олондоо, улаанбаатарчуудадаа олон жилийн дараа уран бүтээлээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Манай хамтлагийн тоглолтыг олон телевиз бичнэ. Энэ бол түүх гэж би ойлгож байна. Энэ түүхэнд багтах маш олон залуус, уран бүтээлч байна. Аль болох бүгдийг нь хамтруулахыг бодоорой, ганц хоёр дуугаар ч хамаагүй уран бүтээлчдийг оруулаарай гэж хэлж байгаа, зохион байгуулагч нарт аа. Гэвч миний хүслээр болохгүй байх. Гэхдээ рок поп хөгжмийн нэлээд том баяр болно гэж ойлгож болох юм.
Миний хувьд XX зууны залуучуудын хөгжим, тайз дэлгэц, нийгэм, соёлын амьдралыг багтаасан “Монголын рок нууц товчоо” гэх 10 боть номон дээр ажиллаад арав гаруй жил болж байна. Тиймээс өнөөдрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чаддаг. Ямар хүнд нөхцөл, сорилт дунд Монголын урлаг явж ирснийг, яаж хаагдахгүй өдий хүрснийг хөгжим, урлагт дуртай хүмүүсийн гавьяа билээ. Мөн Соёл-Эрдэнэ, Баянмонгол гэх ахмад уран бүтээлчдийн алс хэтийн бодлого, хүлээн зөвшөөрүүлж чадсан ухаан юм. Бид тэгж байж, энд хүрсэн. Ингэж чадаагүй бол рок поп урлаг хаагдах хэмжээнд байсан юм.
Харин түүний хүү хэвлэлийн хурлын төгсгөлд "Би дуучин Д.Жаргалсайханы хүү байна. Аавыгаа тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Миний хувьд амьд хөгжмийн хамтлагт дуртай. Амьд хөгжмийн хамтлагыг үүсгэн байгуулаад, олон сайхан уран бүтээл туурвиж яваад баярлалаа. Аавынхаа тоглолтод амжилт хүсье, хайртай шүү аав аа" гэв.
https://www.ticket.mn/event/1737/?fbclid=IwAR2QNA4VyFjClzMc_LQvp3bui39Txlnws0D-vfqKG5sdPQwHnhmJ-D1UKag