Спорт
Дарханы бөхчүүд Сэлэнгэд илүүрхлээ
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд боллоо. 41 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн…

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд боллоо. 41 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монгол ардын нам, Биеийн тамир спортын газар, аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулав. Монголын чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчид амжилтын гараагаа эхлүүлж байсан олон жилийн түүхтэй энэхүү тэмцээнд хот, хөдөөгийн нийт 27 байгууллагын 481 тамирчин хөвгүүдийн 13, охидын долоон жинд өрсөлдсөн юм.
Түүнчлэн ОХУ-ын Буриадын Хиагт, Кижингагаас 10 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт ирж оролцсон юм. Хөвгүүдийн 30 кг-ын жинд Пурбо Эрдынеев (ОХУ, Буриад), 34 кг-д Г.Ганзориг (Орхон, Ирээдүйн одод), 38 кг-д Р.Мөнх-Эрдэнэ (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 42 кг-д Ц.Баярсайхан (Налайх, “Голомт” цогцолбор), 45 кг-д М.Жангар (Ирээдүй) нар түрүүлэв.
Мөн 48 кг-д Э.Энхболд (Төв), 51 кг-д Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг), 55 кг-д П.Дашцэрэн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), 60 кг-д Владимир Ринченов (ОХУ, Буриад), 65 кг-д Б.Буд (73 дугаар сургууль), 71 кг-д Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг), 80 кг-д А.Мягмарсүрэн (Хангарьд), +90 кг-д М.Ганзориг (Хөх Эрчис), охидын 40 кг-д Э.Одгэрэл (Төв), 45 кг-д Ц.Халиун (Хангарьд), 50 кг-д Д.Отгонжаргал (Женко), 55 кг-д Т.Алтжин (ТСБТСДуС), 60 кг-д Б.Отгонтуяа (Алдар), 65 кг-д М.Рэнцэнханд (Хангарьд), 70 кг кг-д Ө.Одбаг (Өмнөговь) нар аваргалсан юм.
Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб 58 оноогоор багийн дүнгээр тэргүүллээ. Дарханы өсвөрийн бөхчүүд өнгөрсөн жил тус тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж байсан бөгөөд энэ удаа амжилтаа дахин баталлаа. Харин Г.Нямбаяр дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургууль, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб тус бүр 39 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров.