Улс төр
Хотын орлогч Л.Хосбаярын саналыг хоёр гараа өргөөд дэмжье
Нийслэлийн Засаг даргаар Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар томилогдсоныхоо дараахан өөрийнхөө ажиллаж байсан яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Нягтлан бодогч, эрхзүйч мэргэжилтэй…

Нийслэлийн Засаг даргаар Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар томилогдсоныхоо дараахан өөрийнхөө ажиллаж байсан яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Нягтлан бодогч, эрхзүйч мэргэжилтэй Л.Хосбаяр гэх бүсгүйг нийслэл рүү татаж, Нийгмийн хөгжил, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогчоор томилсон нь саяхны үйл явдал билээ.
Улс төрд төдийлөн танигдаагүй энэ бүсгүйг нийслэлийн хамгийн чухал салбаруудыг хариуцсан орлогч болоход нь олон хүн эрхэлсэн ажлаа хийж чадах болов уу, зүгээр нэг орон тоо бөглөсөн томилгоо байх вий дээ хэмээн хардаж байсан нь үнэн. Гэтэл ажлаа авснаас хойш түүний хийж, гаргаж буй санал санаачилга, ажлуудыг нь ажиглавал тунчиг чамбай, нямбай, эрхэлсэн ажлаа тултал хийдэг чамбай удирдагч болох нь ажиглагдах болов.
Тухайлбал, алдарт ногоон автобусны дуулиан дэгдсэний дараа хотоос дахин тендер зарлан оруулж ирсэн саарал автобусны тендерийн бүх бичиг баримт, худалдах, худалдан авах гэрээний асуудлыг Л.Хосбаяр орлогч хариуцаж, ёстой л хий гаргахгүйгээр эмхэлж цэгцлээд худалдан авснаар өдгөө тэрхүү автобус нь нийслэлчүүдийн хамгийн тухтай унааны нэг болов.
Сэтгэл байвал дуулиан шуугиан үүсгэхгүйгээр элдэв авлига, албан тушаалын хуудуу гаргахгүйгээр худалдан авч болох байсныг энэ бүсгүйг чимээгүйхэн харуулчхаад үргэлжлүүлэн ажлаа хийж явна. Дараа нь дутуу баригдсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хурдлуулах, төсвийн асуудлыг шийдэх, төсөв яагаад нэмэгдсэн шалтгааныг олох ажлын хэсгийг ахалснаас хойш анх удаа нийслэлийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг дүүрэг, дүүргээр нь хүлээн авч уулзан зовлон жаргалыг нь сонсож байх ажээ. Хаана дутуу баригдсан барилга байна тэнд л ногоон костюмтай бүсгүй давхиж яваа нь харагдах боллоо.
Тэгвэл Л.Хосбаяр орлогчийн хамгийн сүүлд хийсэн нэгэн чухал мэдэгдэл нь талархан дэмжих шалтгаан болсон учраас энд онцлон бичихийг хүссэн хэрэг. Тодруулбал, нийслэлийн хүүхэд залуусын хамгийн ихээр ашиглаж буй сурроныг насанд хүрээгүй хүүхдүүд унаж, хотын хөдөлгөөнд оролцож буйг хориглох тухай саналыг тэр гаргажээ.

Хотын дарга, удирдлагуудаас гаргасан энэхүү санал чухмаа өнөөдөр хамгийн нүдээ олсон шийдвэр болох учиртай. Учир нь Монгол Улс замын хөдөлгөөний дүрмэндээ 18 нас хүрсэн, насанд хүрсэн этгээдэд автомашин болон мотоцикл жолоодох эрхийг олгохоор хуульчилсан байгаа. Гэтэл унадаг дугуй гэхэд хэцүү эсрэгээрээ мотоцикл гэж нэрлэхээр учир дутагдалтай суррон гэгчийг Монголд оруулж ирснээс хойш үндсэндээ замын хөдөлгөөний өнөөх дүрэм журам, хууль гэгч нь үйлчлэхээ больсон. Гэтэл гадны улс оронд мотоциклтой адилтган дүйцүүлж, насанд хүрсэн жолооны үнэмлэх авсан этгээд хамгаалалтын хэрэгсэлтэй унахаар хуульчилсан байдаг аж.
Автомашинтай зэрэгцэн суррон унасан 15 нас ч хүрээгүй жаалууд давхилдах болсноор сүүлийн нэг жилд буюу 2024 оны долдугаар сарын байдлаар 241 осол аваар бүртгэгджээ. Энэ нь сурроныг улсын хилээр оруулж ирдэг болсноос хойшхи хамгийн өндөр тоон үзүүлэлт бөгөөд осолд өртөгсдийн олонхи нь өсвөр насны хүүхдүүд байгаа нь анхаарал татах ёстой асуудал мөнөөсөө мөн юм.
Дугуйн замын ослоос ч илүүтэй энэ төрлийн осол нэмэгдэж, сүүлийн долоон сарын байдлаар 120 гаруй хүүхэд, залуус мөчдийн болон тархи, нугасны гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж байх ажээ.
Тиймээс л Хуульзүйн яам болон Зам тээврийн яаманд хүргүүлсэн энэхүү саналыг нь хэвлэл мэдээллийнхэн бид хоёр гараа өргөн дэмжих учиртай билээ. Нэгэнт л Монгол Улсад өнөөдрийн байдлаар мопед, экобайк, суррон унах боломжтой зам талбайн асуудал бүрэн шийдэгдээгүйгээс хойш энэ мэт аргаар хязгаарлаж, ядахдаа хүүхдүүдээ осол аваараас хамгаалмаар байх юм, эцэг эхчүүд ээ. Хүүхдээ эрхлүүлдэг, хайрладаг байлаа гээд хамгаалалтгүй, эрсдэлтэй ийм зүйл авч өгөх хүртлээ эрхлүүлнэ гэдэг байж боломгүй асуудал шүү.
Өсвөр насныхан нэгнээ дуурайж, даган хөөрч маш олуулаа ямар ч хамгаалалтгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд хурдтай оролцож, хажуунаас гэнэтхэн машин руу шүргэж орж ирэх зэргээр өөрөөсөө гадна өрөөл бусдад ч төвөг учруулж, хэн нэгнийг алуурчин болгож мэдэх эрсдэлийг бид харсан ч хараагүй мэт дуугүй өнгөрч боломгүй юм. Тиймээс л Хотын орлогчийн саналыг хоёр гараа өргөн дэмжье хэмээн уриалж буй хэрэг.
Өглөө сургуульдаа явсан бяцхан үрс орой гэртээ эсэн мэнд харих эсэх нь эргэлзээтэй эрсдэлтэй зам тээврийн буруу төлөвлөлт, машинаар “гулгисан” зам, хариуцлагагүй, хайнга жолооч нартай ийм цаг үед хүүхдүүдээ ядахдаа жолоо бариулж “тоглуулмааргүй” байх юм.