DARDAS.MN

Нийгэм

Өмнөговь аймаг хорт хавдрын нас баралтаар хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн…

Нийтэлсэн:

Өмнөговь аймаг хорт хавдрын нас баралтаар хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав. Өмнөговь аймаг нь Монгол орны хамгийн том газар нутагтай бөгөөд нийт хүн амынх 64 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг.

Аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1233 ажилтан ажиллаж байгаагаас 23.9 хувь нь эмч, 20.6 хувь нь сувилагч байна. Хүний нөөцийн бүрдүүлэлт 86 хувьтай.

Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалт 73.7 байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.3, эрэгтэйчүүдийнх 69.6 байгаа нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8.7 жилээр урт насалж байна. Хүн амын дундаж наслалт, нас баралтад амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлтийн тогтолцоо, шээс бэлгэсийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны өвчин голлон нөлөөлж байна. Эдгээр өвчлөлийг бууруулах зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа.

Өмнөговь аймаг хорт хавдрын өвчлөл нас баралтаар улсын дундаж, 21 аймгаас хамгийн бага үзүүлэлттэй байна. 2025 онд аймгийн хэмжээнд нийт 652 хүн хорт хавдраар оношлогдож, 53 хүн нас барсан нь өмнөх оноос нас баралт буурсан үзүүлэлттэй байна. “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 11,706 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлэгт хамруулж B, D вирустэй, хавдрын 36 тохиолдлыг оношлон, 45 хүнийг эмчилгээнд хамруулжээ.

Уул уурхай, тээвэр логистик эрчимтэй хөгжиж буй, хөдөлгөөнт хүн ам ихтэй тус аймаг эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байна. 2025 онд улс, орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбартаа нийт 21.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ онд барилга байгууламж, тоног төхөөрөмж, автомашины шинэчлэл зэрэгт нийт 22.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын эмч ажилтны нийгмийн хамгаалалд ихээхэн анхаарч нийт 105 эмч эмнэлгийн ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлэн, 15 эмч, ажилтныг түрээсийн орон сууцад хамруулжээ. Түүнчлэн нутгийн дэм, орон нутгийн нэмэгдлийг сүүлийн гурван жилд тасралтгүй олгож байгаагаас гадна магистр, докторын сургалт, бусад мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг шийдэн, эмч ажилтнуудынхаа чадавхыг тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа тухайгаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллэв.

2025 онд эмнэлгийн тусламж үйлчилгээндээ дараах шинэ технологиудыг нэвтрүүлжээ.

- Бамбай булчирхайн эсрэг бие илрүүлэх шинжилгээ Anti TSHR, Anti TPO, Anti TG

- Өөх тосны солилцоо Их нягттай липопротейн, Бага нягттай липопротейн

- Хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, Түрүү булчирхай, өндгөвч, нойр булчирхай, элэгний хавдарын маркер

- Бэлгийн замын далд халдварын 7-н үүсгэгч тодорхойлох шинжилгээ

- CRRT буюу Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппаратаар хүнд өвчтөний шээсэн дэх хорт бодисыг шүүх эмчилгээг хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж буй аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, эрт илрүүлэн, эрт оношилж эмчлэх тогтолцоог цаашид улам бэхжүүлэн ажиллах нь чухал гэдгийг тодотгов. Түүнчлэн эмч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултуудад хариулснаар уулзалт өндөрлөв.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30