Спорт
О.Насанбурмаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад манай бөхчүүд муугүй оролцож байна. Эхний өдрүүдэд хоёр хүрэл медаль аваад байсан манай тамирчдын буухиаг…

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад манай бөхчүүд муугүй оролцож байна. Эхний өдрүүдэд хоёр хүрэл медаль аваад байсан манай тамирчдын буухиаг О.Насанбурмаа үргэлжлүүллээ.
Урамтай сайхан барилдаж финалд үлдээд байсан манай бөх аваргын төлөө Канадын Жюстина Ди Стасиодтай тулсан ч 4:2-оор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас авч байгаа дөрөв дэх медаль байсан юм.
Манай бөх Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялж, финалд гарч ирсэн билээ.
О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсоноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүлээ.