Спорт
О.Цэцэнцэнгэл цахиур хагалж, О.Ууганбаатар түрүүгээ алдсангүй
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл өчигдөр орой эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын…

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний багийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл өчигдөр орой эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын барилдаанууд боллоо.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д онц гойд шуугиан гарсангүй. О.Ууганбаатар мастер энэ жингийн хүчтэй өрсөлдөгч Гаажадамбатай финалдаж, ялснаар ээлжит түрүүгээ авлаа. Харин 90 кг-д шинэ аварга төрлөө. “Сүлд” спорт хорооны тамирчин н.Мөнхжаргал финалд Хашбаатарын Цагаанбаатар аваргыг ялж, түрүүллээ. Дасгалжуулагчийн албанд шилжээд байгаа Х.Цагаанбаатар аварга энэ удаагийн улсын аваргад 90 кг-д барилдсан нь олон жүдо сонирхогчдод гэнэтийн бэлэг байсан юм. Тэрбээр ямархуу энтэй жүдоч вэ гэдгээ харуулж, 90 кг-д улсын аварга финалдлаа.
Тэгвэл 90 кг-ын шилдэг тамирчин Г.Алтанбагана улсын аваргад 100 руу өгсч барилдлаа. Гэхдээ хараахан түрүүлж чадалгүй, хүрэл дээр буусан. Энэ жинд улсын начин Б.Серик түрүүлж, шаггүй жүдоч гэдгээ харуулав. +100 кг-д О.Цэцэнцэнгэл гэх залуухан жүдоч Б.Тэмүүлэнг ялж түрүүлж, цахиур хагаллаа.
Эмэгтэйчүүдийн тухайд 70, 78 кг-д шинэ аварга төрсөн. Харин +78-д Гандиймаа түрүүлж, олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагаа харууллаа. Тэмцээний шилдэг тамирчнаар 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорлоо
Багийн дүнгээр:
Эмэгтэй баг:
Гуравдугаар байр: Эрч спорт хороо
Хоёрдугаар байр: Сүлд спорт хороо
Тэргүүн байр: Алдар спорт хороо
Эрэгтэй баг:
Гуравдугаар байр: Эрч спорт хороо
Хоёрдугаар байр: Женко клуб
Тэргүүн байр: Сүлд спорт хороо