DARDAS.MN

Спорт

Хоёр Солонгосын жүдочид багийн төрөлд хамтарч оролцоно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Маргааш эхлэх энэхүү тэмцээнд Өмнөд болон Хойд Солонгосын жүдочид хамтарч оролцохоор болсон нь түүхэнд…

Нийтэлсэн:

Хоёр Солонгосын жүдочид багийн төрөлд хамтарч оролцоно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Маргааш эхлэх энэхүү тэмцээнд Өмнөд болон Хойд Солонгосын жүдочид хамтарч оролцохоор болсон нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болж байгаа юм. Тэгвэл өнөөдөр өглөө Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга, ЕТГ-ын дарга З.Энхболд, хоёр Солонгосын баг тамирчид, албаны хүмүүсийн хамт Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЕТГ-ын дарга З.Энхболд “Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслээд Улаанбаатар хотод Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Маргааш тэмцээн эхэлнэ.  Надтай хамт Өмнөд Солонгосын Жүдо бөхийн холбооны ахлах, дэд Ерөнхийлөгч Чо Ён Чул, БНАСАУ-ын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Вон Кёонг Ил хэвлэлийн бага хуралд оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улс, Япон, Солонгос, Хойд Солонгос, Хятад, Тайвань, Макао, Хонгконг гэсэн 8 орны баг тамирчид оролцохоор хүрэлцэн ирсэн. Зохион байгуулах хорооны анхдугаар хурлын үеэр Олон улсын Жүдо бөхийн холбоо, Зүүн Азийн Жүдо бөхийн холбооноос БНСУ, БНАСАУ-уудыг Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд нэг тугийн дор нэгдэн орох хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг хоёр орны тал хүлээн зөвшөөрсөн.  Энэ үйл явдал өнгөрсөн өвлийн олимпоос хойш зуны спортын төрөлд анх удаа болж байгаагаараа онцлог. Энэ шийдвэрийг хүлээн авч, нэг тугийн дор нэгдэн орохоор болсон хоёр Солонгосын удирдлагуудад талархаж байна” хэмээн хэллээ.

Түүний дараа Өмнөд Солонгосын Жүдо бөхийн холбооны ахлах, дэд Ерөнхийлөгч Чо Ён Чул үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс манай хоёр улсын тамирчдад энэхүү тэмцээнд нэг баг болж оролцох боломж олгосонд баярлаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байхдаа нэгдэж орох талаар төсөөлөөгүй байсан. Зүүн Азийн Жүдо бөхийн холбооны удирдлагууд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр үүрдийн түнш Өмнөд, Хойд Солонгосын тамирчид хамтарч оролцох завшаан тохиолдлоо. Манай хоёр улс энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцоно гэж найдаж байна” хэмээсэн юм.

Мөн хурлын үеэр Хойд Солонгосын дасгалжуулагч Вон Кёонг Ил үг хэлсэн. Тэрбээр “Эх орноо төлөөлөөд баг тамирчдынхаа хамт Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд бүх хүч чадлаа дайчлан оролцох болно. Өмнөд Солонгосын тамирчидтай хамтарч оролцох тамирчиддаа баяр хүргэе. Монголын баг тамирчдад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” хэмээн хэллээ. 

Хэвлэлийн хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын тамирчидтай хамт дурсгалын зургаа татуулсан юм.