Спорт
"Ливерпүүл" Аваргуудын лигт 6 дахь удаагаа түрүүллээ
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Аваргын төлөө Английн хоёр баг болох "Ливерпүүл" болон "Тоттенхэм" багууд хоорондоо тулж, цом булаалдлаа. "Ливерпүүл"-ийн…

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Аваргын төлөө Английн хоёр баг болох "Ливерпүүл" болон "Тоттенхэм" багууд хоорондоо тулж, цом булаалдлаа. "Ливерпүүл"-ийн хувьд өмнө нь 5 удаа Аваргуудын лигт түрүүлж байсан. Харин "Тоттенхэм" анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээний финалд шалгарсан юм.
Тиймдээ ч хоёр багийн ялгаа, зангараг харагдаж, "Ливерпүүл" аргагүй том баг шиг тоглож, өрсөлдөгчөө 2:0-ээр хожлоо. Ийнхүү "Улаанууд" 6 дахь удаагаа "Дэлдэн чихт"-ийг өргөж, Европын тавцанд энэ цомыг хамгийн олон авсан багуудын гуравдугаарт дангаар бичигдэж эхэллээ.
Тоглолтын дөнгөж 1 дэх минутад Сиссоко торгуулийн талбайдаа бөмбөгөнд гар хүрсэн. Улмаар Салах торгуулийн цохилтоос 2 дахь минутад гоол оруулснаар тооны харьцааг нээсэн юм. Клоппын залуус энэ үр дүнгээ удаан хадгалсны эцэст 87 дахь минутад Ориги гүйцээж, хожлоо баталгаажуулсан.
Энэ улирлын аваргуудын лигт "Ливерпүүл"-ээс Салах 5, Мане, Фирмино нар 4, Ориги 3 гоол оруулсан. Оригигийн оруулсан гурван гоолын хоёр нь хагас шигшээд, нэг нь шигшээ тоглолтод орсон юм.