DARDAS.MN

Спорт

Чөлөөтийнхөн дөрвөн жинд аваргаллаа

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Монголиа Опен-2018” олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Найм дахь удаагийн тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын…

Нийтэлсэн:

Чөлөөтийнхөн дөрвөн жинд аваргаллаа

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Монголиа Опен-2018” олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.  Найм дахь удаагийн тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, ОХУ-ын алдарт дасгалжуулагч Юрий Шахмурадов, Майрбек Юсупов тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол, ОХУ-ын бөхчүүд тус бүр дөрвөн жинд аваргалсан бол Казахстаны эрэгтэй бөхчүүд хоёр жинд түрүүлэв. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр сүүлийн дөрвөн жил дараалан жиндээ “босоо” байлаа. Түүнчлэн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг мөн дөрөв дэхээ аваргалж, ОУХМ Б.Шоовдор, З.Болортунгалаг анх удаа аваргалав.

Чөлөөтийнхөн дөрвөн жинд аваргаллаа — зураг

Манай хойд хөршийн бөхчүүдээс Якутын Виктор Рассадин, Буриадын Арсалан Будажапов, Кемеровогийн Валерия Чепсаракова нар Улаанбаатарын дэвжээнд хоёр дахиа түрүүлсэн. Ялангуяа эрэгтэйчүүдийн 74 кг-д Будажапов шигшээ барилдаанд “Монголиа Опен”-ий зургаан удаагийн аварга, манай гавьяат тамирчин Г.Мандахнаранг 6:2-оор ялж алтан медалийн тавцанд зогссон. Ц.Цогбадрах, Г.Ганхуяг, Б.Намхай, Б.Халиунаа, Б.Энхцэцэг нарын залуу тамирчид “Монголиа Опен”-д анхны медалиа зүүцгээсэн.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн барилдаан болж байна. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, ДАШТ-ий медальт ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг нарын тэргүүтэй шилдгүүд зодоглож байгаа юм.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-оол Дондук-оол (ОХУ) 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Содномдашийн Батболд (хоёул Монгол) 
65 кг (30): 1. Виктор Рассадин (ОХУ) 2. Сиятбек Окассов (Казахстан) 3. Батчулууны Батмагнай, Батболдын Номин (хоёул Монгол)
74 кг (14): 1. Арсалан Будажапов (ОХУ) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Диньяр Кайсанов (Казахстан), Жасмит Сингх Пулка (Канад)
86 кг (11): 1. Адилет Давлумбаев (Казахстан) 2. Ганбаатарын Ганхуяг (Монгол) 3. Сиао Сун (БНХАУ), Элхан Рамос (Пуэрто-Рико)
97 кг (8): 1. Бакдаулет Алментай (Казахстан) 2. Өлзийсайханы Батзул 3. Батдоржийн Намхай (хоёул Монгол), Алдар Хамаев (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг (7): 1. Валерия Чепсаракова 2. Елена Вострикова 3. Анжелика Ветошкина (бүгд ОХУ)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг 2. Баяраагийн Халиунаа 3. Батбаатарын Энхцэцэг (бүгд Монгол)
59 кг (7): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Светлана Липатова 3. Вероника Чумикова (хоёул ОХУ)
65 кг (4): 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
72 кг (4): 1. Татьяна Колесникова (ОХУ) 2. Амгаланбаатарын Чанцалнямаа 3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Монгол)