Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2024.04.15/ эхэлж, 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Хянан шалгах түр хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилладаг.
Хянан шалгах түр хороо нийт таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулжээ.Давхардсан тоогоор нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 84692 файл нотлох баримт зэргийг гаргуулан авч, дүн шинжилгээ хийсэн байна. Мөн нотлох баримт цуглуулах ажлын хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт, ярилцлага хийсэн аж.
Өнөөдөр буюу 2024.04.15-нд эмийн хүртээмжийн асуудал ерөнхий сэдвийн хүрээнд:
- Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал,
- Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
- Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
- Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал зэрэг сэдвээр
Маргааш буюу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр:
- Эмийн үнэ ба шалтгаан нөхцөл ерөнхий сэдвийн хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл,
- эмийн үнийн мэдээллийн ил тод байдал болон өнөөгийн нөхцөл байдал,
- чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал зэрэг сэдвээр
Харин нөгөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр:
- эмийн бүртгэл болон чанарын хяналт ерөнхий сэдвийн хүрээнд эмийн чанарын тогтолцоо,
- эмийн чанарыг шалгах лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал,
- зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн,
- Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал,
- Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд,
- эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол,
- эмийн салбар дахь монопол тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд олон нийтэд нотлох баримтын хүрээнд мэдээлэл танилцуулах аж.
Сонсголд 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ.