-“Шинэ хоршоо” гээч шинэ үеийн залууст шинэлэг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол зовлонг нь амссан гэрчүүд нь одоо хүртэл амьд сэрүүн буй коммунизмын үед хэрэгжсэн албадлага, ахиулж хэлбэл малчдыг боолчилсон системийн сайтар өнгөлөн далдалсан хувилбар. Энэхүү хөтөлбөрийн үнэн нүүр царайг илчлэхийг энэхүү нийтлэл зорино.-
Өнгөрсөнд…
1939 он. В.И.Сталин БНМАУ-ын удирдагчдыг Моксвад дуудан аваачив. Ингэхдээ “мал сүрэгтээ онцгой анхаарч ойрын ирээдүйд 200 сая толгойд хүргэ” гэж шууд тулгав. Үүний дагуу 1940 онд МАХН-ын Х их хурлаар 200 сая малтай болох хэзээ ч үл бүтэх төлөвлөгөөг дэмшүүллээ. Энэ төлөвлөгөөг үл бүтэх хийрхэл гэж хэлсэн оюутан Пунцаг, Лигдэнгийн Балжир нарыг эсэргүүн хэмээн яллав. Сталин ЗХУ-ын цэргийн шнелийг хийх ноосыг Монголоос хангахуулахын тулд дээрх саналаа дахин Х.Чойбалсан нарт тулгаж 1941 оноос эхлэн малтай өрх бүрээс ноос, сүү татах албан журам нэвтэрлээ. Энэ ажиллагаа цааш өргөжин улаан армийг махаар хангах төлөвлөгөө болон хувирав. 1946 онд МАН /тухайн үеийн МАХН/ тэгшитгэх хуульдаа өөрчлөлт оруулж үхэр бүрээс 5 кг тос, хонь, ямаанаас 500 грамм тос бэлтгүүлж байхаар болов.
Харин хувиараа мах худалдаалдаг /өнөөгийнхөөр ченж/ худалдаачинд нядалсан үхэр бүрээс нь 5 кг, хонь бүрээс 1 кг, ямаа болгоноос 500 гр тос заавал авахаар хуульчилжэ. Хэрэв малчин 30 хүрэхгүй тооны малтай бол хонь тутмаас 300 грамм, 500-аас дээш малтай бол хонь тутамд 1250 грамм ноос тушаана. Хүнийг биш малыг нэгт тавьснаар малчид хоолондоо хийх махгүй болтлоо өлсгөлөнд автаж төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүйгээс шоронг дүүргэлээ. Баримт хөөвөл, А.Баатархуяг, Ц.Навагчамба нарын судалгаагаар, улсын сайн малчин 97 байснаас 66 нь хорих ялаар шийтгүүлж байв. Хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын харъяат Бадамыг "шинэ цагийн мөлжигч төрлөө" гэж 1955 оны цагаан сараар идээ, тавгийг нь сүйтгэн баривчилж, 10 жилийн ял өгчээ. Энэ талаар Улсын Дээд шүүхийн гишүүн Бандийн Лхамжав "Бадамыг заавал шийтгэ. Тэгэхдээ баячуудад айдас төрүүлэхээр хатуу шийтгэ гэж дарамталсан учир яаж ч чадаагүй. 10 жил яс суулгаж маш их зовоосон. Сүүлдээ Бадам бичээч турж үхсэнийг сонсоод гол харлаж явдаг юм" гээд уйлж байсан талаар "Эдийн засгийн хэлмэгдүүлэлт 2009" эмхэтгэлд дурдсан байна.
Ийнхүү малчид малтай байсныхаа төлөө ялд унадаг болов. Тоо толгойг нэмэгдэх тутам өөх, сүү, мах, ноос, түүхий эдийн татвар биелэгдэх ямар ч боломжгүй болж бүхнээ шавхсан малчид "улс төрийн хэрэгтэн" болов. Эндээс “ялтай мал”, “улсын мал”, “миний юм биш”, “хадаасны мал” гэх үгс ардын дунд тарав. Энэхүү харгис бодлогын балгаар 1944 онд 24,3 сая малтай байсан бол 1948 онд 20,8 сая болтлоо хорогдсон байна. Хэдийгээр зуд болж мал хорогдсон ч өөр том хүчин зүйл нөлөөлсөн нь дэлхийн II дайн дуусаагүй учраас Оросоос авах гурил, будааны хэмжээ багасчээ. Гурил, будаагүй болсон монголчууд малаа хүнсэндээ түлхүү хэрэглэх болов. 1945-1947 он хүртэл монголчууд нийт мал сүргийнхээ 11 хувийг хүнсэндээ хэрэглэжээ. . 1948 оны “Улсын мал, хөдөө аж ахуйн сайчуудын гуравдугаар зөвлөгөөн”-д Х.Чойбалсан “Манай нам засаг нь гагцхүү дунд аж ахуйтнууд ч биш, харин 500-700-1000 буюу түүнээс дээш малтай аж ахуйтнуудыг дэмжсээр ирсэн ба одоо ч дэмжиж байна. Цаашид ч дэмжинэ. Ард бүрийг олон малтай болгохын тулд зорьж ажиллаж байна” гэж чинээлэг малчдыг дэмжих бодлого барихаа амлаж байсан бол түүний залгамжлагч Ю.Цэдэнбал 1948 оны Намын төв хорооны III бүгд хурал дээр "Малчин ардууд нилэнхүйдээ язгуураараа капиталист элементийг төрүүлж байна. Тийм учраас баячуудын эсрэг зогсолтгүй тэмцэх ёстой" гэж хэлсэн нь баримтын шарласан хуудаст тэмдэглэгдэн үлджээ.
Хуучны хоршоог эсэргүүцэгчид сэхээтний төөрөгдөл хэмээх аймшигт яргалалд өртсөн түүх бий. Ю.Цэдэнбалыг 1956 оны 11-р сард сэхээтнүүдтэй уулзаж, ярилцлагууд хийхэд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Ардын ашиг орлого муу, хоршоонд өгөх нь их. Гэр нь бүрээсгүй, зун нь цагаан идээгүй. Бид ингэж амьдарвал ямар байх вэ? Ардын аж ахуйтнууд малаа ялтай мал гэдэг болсон. Хотонд нь навч цэцэг, гэрт нь нар сар мандаж байна. Ажилчин анги өслөө гэдэг. Гэтэл тэд хоосорсон малчдаар өсч байна. Удирдагчид олон түмнээс тасархай, малчидтай уулзддаггүй” хэмээн бут ниргэжээ. Энэ мэт шүүмжлэлээс үүдэн 1956 оны арванхоёрдугаар сарын 5-нд намын бодлогод харш үзэл санаа гарч байгаа тухай МАХН-ын Улс төрийн товчооны 413-р тогтоол гарч хожмоо “Сэхээтний төөрөгдөл” гэж нэрлэв. Ю.Цэдэнбал бурангуй бодлогыг нь шүүмжилсэн Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Бямбын Ренчин нарын Монголын сор болсон эрдэмтдийг шоронд хорьж, ажлаас нь халж, амар заяа үзүүлээгүй билээ.
Хачин давхцал
1943-1944 оны өвөл зуд болж байсантай адилхан жишээ 80 жилийн дараа давтагдав. Цахилгаангүй, түлшгүй, гурил, будаагүй зудтай Монгол өвлийг арай гэж давав. Оросоор ирсэн дарамт шахалтаар үндэсний гурил үйлдвэрлэгчдээ хараан зүхэж, Оросын гурилыг татваргүй болгох шийдвэрийг Д.Амарбаясгалан тэргүүтнүүд гаргасан. Яг 80 жилийн өмнөхтэй адил шүү. Тухайн үед монголчууд Оросоос шууд хамааралтай байсан бол өнөөдөр ч шатахуун, эрчим хүч, үр тариагаараа хамааралтай байгаа төдийгүй энэхүү хамаарлаас гарах нь байтугай нэг мөсөн орох шийдвэрийг эрх баригчид гаргав. Өнгөрсөнд дэлхийн II дайн болж байсан бол өнөөдөр Орос Украины дайн дэлхийг хоёр хуваагдуулж байна.
"Шинэ хоршоо" хөтөлбөрийг сайтар анхаарвал өмнөх шигээ хувь малчны нийлж дээрэмдэх тухай л яриа аж. Эрх баригчид наанаа хэдэн зуун сая төгрөгийн тайз засуулан шоудаж байгаа ч цаанаа малчдын нэрээр өөрсдөө шамшигдуулах бөгөөд "Хөөрхий Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо сүйд" гээд МАН-ынхан инээж суугаа... Зуднаар малчдад туслах аян өрнүүлж явахдаа “Яагаад ийм их мал хоргодов гэхэд малчид намар сард өвс тэжээлээ татахаар төлөвлөж байтал орон нутагт дизель түлш тасалдсан. Тэрнээс болоод хадлан тарианы ажил зогсчихсон. Гэнэт их цас орж, тэрнээсээ хойш нэмж цас орсоор байгаад зуд болж байна” гэж явсан жүжигчин өнөөдөр “Шинэ хоршоо”-ны нүүр царай болов. Банкны зээлийг яаж төлөхөө мэдэхгүй суугаа малчид зээлийн шалгуур хангахгүй. Тэгэхээр эрх баригчид ЖДҮ-ийн хэрхэн хувааж идсэн шигээ татвар төлөгчдийн мөнгийг хуу хамах гэж байна. Д.Амарбаясгалан “Мал бүхий иргэд…” гэж ирээд малчдыг маллахыг санаархаж явна.
80 жилийн өмнөх МАН-ы бодлогын алдаа өнөөдөр дахин давтагдах түүхийн тохуутай эргэлтийн горын Монголчууд, малчид дахин амсах нь. Албан журмын татварт байдгаа барсан өвөө эмээгийнхээ зовлонг өрийн дарамтанд үгээгүй болж үр хойчис нь дахин эдлэхээр болж байх шиг... Энэ удаад эгэл жирийн энэ малчин,тэд, түүнийг, тэднийг өмгөөлсөн, хамгаалсан бүхэн яллуулах нь. Харин ашгийг нь дарга нар хүртэнэ. Малтай гишүүд малчдыг зарцлахаар ийннхүү улайрч явна. Өнөөдөр зээлгүй байгаа малчин гэвэл УИХ-ын гишүүд.
Энэхүү хүснэлтээс үзвэл тэд өөрсдөө болон өөрсдийн хань хамсаатнуудаар дамжуулан 5 их наядын зээлийг авна гэсэн үг. Ингэхдээ малчдыг малжуулахгүй бөгөөд энэ нь техник, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах зээл. Тиймээс нэг нь шахаж, нөгөө нь авхуулна гэсэн үг. Яваандаа энэхүү зээлийг тэглэх тухай ярина. Улсын төсвийн 1/4 -тэй тэнцэхүйц мөнгийг тэд малчдын нэрээр хулгайлахаар ийнхүү улайрч байна.
“Хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл” Карл Марксын “Коммунист намын тунхаг” ингэж эхэлдэг. Харин 21-р зуунд тал нутгаар "босоо ороолон" тэнүүчилж явна. Коммунизмын босоо ороолонгууд…