Олон улсын нөхцөл байдал хүндэрч, худалдааны саад бэрхшээлээс үүдэн үнийн өсөлт, инфляци эрчимжиж байгаа.
Энэхүү хямралыг даван туулахын тулд иргэдийнхээ нуруунд нэмэлт ачаа үүрүүлэхгүй байхын тулд Засгийн газраас төрөөс үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэхгүй, орон нутгийн бүх шатны татвар, хураамжийн хувь хэмжээг өсгөхгүй, иргэдийн амжиргаанд дарамт учруулахгүй байх бодлогыг тууштай баримталж ажиллах чиглэлийг яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар С.Одонтуяа сайд мэдээлэл өглөө. Мөн Хөгжлийн банкны хуулийг УИХ-д оруулж, тус банкийг экспорт, импортын банк болгох шийдвэр гарлаа.
Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад дулаан, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх шийдвэр Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаад байв. Тэгвэл эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж эдгээрийг хойшлуулах чиглэл Засгийн газраас өглөө.
Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх, эрчим хүчний биржийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна. Ард иргэдийн зүгээс ямар нэг үнэ нэмэгдүүлэх, төлбөр татвар нэмэгдүүлэх асуудалд санаа зовох зүйлгүй. Цаашдаа төлбөр, татвар нэмдэг байдлыг болиулах шийдвэр Засгийн газраас гаргалаа” гэв.