Ардчилсан нам өчигдөр болсон 4:11 мэдээллийн цагийнхаа үеэр намын Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилж, тус намын даргын зөвлөх Д.Амарбаясгаланг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын эхээр болох намын Их хурлаар жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл жил гаруйн хугацаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Н.Ганибал Д.Амарбаясгаланд тамгаа хүлээлгэн өгч амжилт хүсэв. Тэрбээр, “Монголын ардчиллын үйл хэрэг, үзэл санааны манлайлагч Ардчилсан намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар нэг жил зургаан сарын хугацаанд ажиллаж, өнөөдөр Үндсэн дүрмийнхээ дагуу ажлаа хүлээлгэж өгч байна.
Өнгөрсөн хугацаанд ажиллахдаа Лу.Гантөмөр даргын бүтээсэн эв эеийн нэгдлийг улам бэхжүүлэх, гишүүн төвтэй нам байж, анхан дунд шатны гишүүдийнхээ санаа бодлыг гээлгүй сонсож, намынхаа хөтөлбөр, дүрэмд тусгах, Бүлгийн гишүүд, УТЗ, ҮБХ-ны гишүүдийнхээ санаа бодол, манлайллыг дэмжиж ирсэн.
Орон даяар намынхаа нийт гишүүд дэмжигчдээрээ нээлттэй хэлэлцүүлж санал бодлыг нь тусгаж батлуулсан шинэчилсэн дүрэм бол үзэл санаа, үнэт зүйлээ тодотгож бэхжүүлсэн, дэвшилтэт өөрчлөлтийг оруулсан, хариуцлагатай гишүүнээс хариуцлагатай улстөрч “төрөх” боломжийг бүрдүүлсэн, ардчилагчдыг хүлээж байгаа томоохон хоёр сонгуульд ороход дотооддоо цэгцэрч төвхнөсөн байхаар бид Үндсэн дүрмээ боловсруулж батлуулсан.
Үүнээс гадна Ардчилсан намын рейтингэд тогтмол анхаарч өнөөгийн улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэй нам болж чадсан. Хамтран ажилласан намынхаа нийт гишүүд, бүх шатны дарга нартаа талархал илэрхийлье. Ардчиллын үзэл санаа, үйл хэрэг улам батжиж, Монголын ардчилал мөнхөд оршин байг ээ" хэмээжээ.
