ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Батшугар: 6-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

O.Admin
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаас 6-аас доош насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд нь томуугаар өвдсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл цахимаар ажиллуулах тогтоол батлагдлаа. Төрийн албан хаагчдад энэ журам үйлчилнэ. Хувийн хэвшлүүдэд уриалж байгаа.

Энэ жил томуугийн өвчлөл нэлээд өндөр байгаа учраас улсын хэмжээнд 4000 ор бэлтгэлээ. Өмнөх 3 жилээс 7.5 дахин өндөр дүн мэдээ гарсан. Дэлхий дахинд реновирусын дэгдэлт маш өндөр гэсэн судалгаа гарсан. Томуугаас сэргийлэх хамгийн зөв арга нь вакцин. Өнгөрсөн жил 300 мянган хүн/тун вакцин оруулж ирсэн бол өнөө жил 500 мянгыг оруулж ирсэн. 330 мянган хүн/тун вакциныг тариад дууссан. Ахмадууд, бага насны хүүхдүүдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Аравдугаар сарын 01-нээс 3, 6, 11, 15 насны 280 мянган хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахаар ажил эхэлж, өнөөдрийн байдлаар 23 мянган хүүхдийг хамруулаад байна. Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан өсөлт, хөгжил, хараа, зүрх, нуруу, тавхай, сэтгэл зүй болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж байна.

Эрт илрүүлгийн зорилго нь өвчнийг хүндрэхээс нь өмнө эрсдэлийг нь тодорхойлж, шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох юм. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт нь идэвхтэй хамруулан, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна" хэмээлээ.