ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд Н.Номтойбаяр Биокомбинат үйлдвэрт ажиллаж байна

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.10.07) Биокомбинат үйлдвэр дээр ажиллаж байна. Тус үйлдвэр 1973 оноос хойш малын эм, вакцин, оношлуур зэрэг нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд улсын төсөв, орон нутаг, мал бүхий иргэдээс захиалга авч, орлогоо бүрдүүлдэг талаар танилцууллаа. Ирэх жил хуурайшуулсан вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, малын шимэгдэх өвчний эсрэг эм бэлдмэлийн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, шүлхийн вакциныг савлах шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг худалдан авахаар улсын төсөвт саналаа хүргүүлжээ.

Биокомбинат үйлдвэрээс шүлхий, үхрийн арьс товруутах өвчин, бог малын мялзан, хонины цэцэг өвчин, ямааны годрон зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины улсын нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг танилцууллаа. Цаашид үйлдвэрийн шинэ байрыг иж бүрнээр нь ашиглалтад орж чадвал эдгээр вакциныг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэлээ.

Шадар сайдын зүгээс малаа эрүүлжүүлэхэд ямар вакциныг дотооддоо үйлдвэрлэж, ямар бэлдмэлийг гаднаас худалдан авах вэ гэдэг төлөвлөгөө нэн тэргүүнд шаардлагатай байгааг онцолж байна. Гадаадын орнуудаас манай улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах асуудлыг хөнддөг боловч малын эрүүл мэндийн асуудлаас шалтгаалж, бодит ажил хэрэг болоход хүндрэлтэй байгаа юм. Тиймээс малын эрүүл мэндийн олон улсын стандартыг манай улс нэн тэргүүнд тодорхойлж, түүнд шаардлагатай вакцин, эм бэлдмэлийг үйлдвэрлэх боломжийг Биокомбинат судлах чиглэлийг өгч байна.

Мал аж ахуйн салбар бол манай улсын тэргүүлэх чиглэл. Тиймээс малаа зарахын тулд эрүүл байх ёстой гэсэн зарчим мөрдүүлдэг байхад анхааран ажиллахыг Шадар сайд тодотголоо. Малаа эрүүл байлгах хариуцлагын тогтолцоо хууль, эрх зүйн орчинд байдаггүй бөгөөд малын өвчлөлөөс шалтгаалж байнга нөхөн олговор олгож, өвчин гарсны дараа вакцин хайж цаг хугацаа алддаг асуудлыг дахин давтахгүй байхад Улсын онцгой комисс анхаарч байна гэв.

Иймээс вакцинжуулалтын бодлогын захиалгыг тодорхойлж, олон улсын стандартад нийцэхийн тулд малаа эрүүл болгох, үүний тулд ямар вакциныг дотооддоо үйлдвэрлэх ёстой вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна.