ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чингэлтэй дүүргийн дарга нарт баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-21

УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа банхарын хөшөө бариад л дүүргийнхээ эх, нялхсын эндэгдлийг бууруулж, бүр гэмт хэргийн гаралтыг ч багасгачихсан юм гэнэ лээ. Бүр өөрөө тэгж ярьсан шүү, баримттайгаа бий. Энэ цагаас хойш дүүргийнхэн нь улстөрчөө эрдэнэ мэт хайрлаж, “банхар” Батзориг хэмээн алдаршуулсан юм гэдэг.

Тэгвэл баянзүрхчүүдээс юу дутах билээ, Б.Батзоригоос илүү гарна уу гэхээс дутахгүй хэмээн Чингэлтэй дүүргийн удирдлагууд ч иргэдээ сайхан амьдруулах мэргэн санаа бодож олжээ. Гэхдээ хөшөө барьж, мөнгө үрээгүй шүү. Харин эрхэм гишүүн Д.Ганболдын санаачилгаар бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театр”-т долоон бурхан одны тахилга хийлээ, тэд. Энэхүү ёслол төгөлдөр арга хэмжээг сар бүр зохион байгуулснаар эх нялхсаа хамгаалж, иргэдийнхээ амьдралыг ч сайжруулна гэж дүүргийн удирдлагууд тайлбарлаж байна билээ.

Монголчуудыг баян, сайхан амьдруулах ийм л амархан байжээ. Бусад дүүргийнхэн нь суралцаач, та нар. Тэнгэрт байгаа од нэг бүрийг нь хувааж авчихаад сар бүхэн тахиад байвал ажил ч хийхгүйгээр амьдарч болох юм биш үү. Ер нь бидний амьдрал нүдэн дээр л дээшлээд байгаа. Сарандаваа эгчийн лекцэнд сууж түрийвчээ далласан. Фэйсбүүкээр зарааны зулзага, могойн өндөр өдөр бүхэн шэйрлэж мөнгө олж байгаа. Дарга нар маань хөшөө барьж өглөө. Одоо бүр тэнгэрийн одонд биднийгээ даатгачихлаа. Тэгэхээр төгс утгаараа гэгээрлийн замд орж, түрийвч үргэлж түнтийнэ гэж ойлгоод байна, зөв үү.

Сайн сайхан амьдралд хүрэх арга зам ийм амархан байсныг ч мэдэхгүй хэчнээн олон жил хөгжинө гэж мөрөөдөж, утаатай гэр хороололдоо зутарлаа даа. Нэгэнт л од эрхэс тахиад, хөшөө бариад хөгжих нь баараггүй юм бол улсын төсвийн мөнгийг зөвхөн нохойн хөшөө, од эрхэс тахихад л зарцуулъя. Есөн дүүргийнхээ булан тохой бүрт дүнхийсэн том нохойн хөшөө барьж, яг тэрнийхээ хажууд сар бүхэн долоон бурхан одоо тахиад байхад л Монгол Улс цэнгэлийн манлайд хүрэх нь ээ. Цаашлаад 21 аймагт ч банхарын гөлөгний хөшөө барьж өгөөд, Алтангадас одыг тахидаг болгочихвол алслагдсан бүс нутагт ч хөгжих нь тодорхой ажээ. Чингэлтэй дүүргийн дарга нартаа баярлалаа. Ийм гоё санаа олж чадсан та нар мундаг шүү. Ирэх сард тахих үедээ “Монгол Улсын утааг жаахан арилгаад өгөөч” хэмээн Долоон бурхан одноос гуйчихвал их баярлана шүү, дарга нар аа.