ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хавар надад...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-27

Хавар надад урт өвлийн турш нойрмоглосон догдлолыг минь, дотор хүнийг минь  сэрээж ирдэг. Хавар надад хаанаас ундарч буй нь үл мэдэгдэх эрч хүч, хүсэл тэмүүлэл, уярал бас хайрыг авч ирдэг. Тэр надад гуниг эмзэглэлийг ч бас авчрахаа мартдаггүй. Ирэхдээ бүх нууцыг минь мэдэх бороог авчирдаг. Бороо далимдуулж уйлах өдрүүдийг ч бас дагуулж ирдэг. Хоёулаа бүтээсэн хорин хэдэн жилийн дурсамжаа сануулж ирдэг. Хавар надад олон жилийн өмнөх хүүхэд насыг минь бэлэглэдэг. Тэртээ үлдсэн хаврын өдрүүдийг санагалзуулдаг. Төлийн дуу цангинасан хотноос малаа тууж нүүдэл хөдөлдөг гэгээн өглөөг сануулдаг. Тэр нүүдэлд уяанаас алдуурсан банхар бид хоёр л хамгийн “хэрэггүй” бас хамгийн жаргалтай нь байдгийг бодогдуулдаг. Хаваржаанд ирэхэд буйран дээр үлдсэн бүхэн шинэ болчихсон юм шиг санагддаг сониучхан мөчүүдийг сануулдаг. Хавар надад хамаг сайхныг хайр найргүй мэдрүүлж ирдэг. Зөрж өнгөрөх сайхан бүсгүйд атаархах бус сайханд нь уярч, сэтгэл сэргэх танил бус мэдрэмжийг авч ирдэг. Хүүгээ цэцэрлэгээс нь аваад жаргалтай яваа залуухан ээжийг хараад хайр хүрч, хамар шархирах тийм л эмзэг болгочихдог. Жил жилийн хавартай хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа нэхэн санаж гудамжаар алхахад хавар надруу санаа алдан ширтэж байх шиг санагддаг. Заримдаа бодлыг минь мэдчихээд доогтой  жуумалзаж байх шиг мэдрэгддэг. Тэр намайг сэрээж ирдэг. Ирэхдээ эмзэг болгочихдог.

Хавар надад өнгөрсөн өдрүүдээс аль сайхныг нь авч ирдэг. Их сургуулийн гудамжаар инээд алдан дэрвэж явсан оюутны өдрүүдийг минь сануулдаг. Сэтгэлийн тэнгисийг үерлүүлж ирдэг. Сэтгэлд нар тэвэрч ирээд амьсгаа давхацтал гэгэлзүүлж асан сайхан залууг ч сануулж ирдэг. Авч чадаагүй үнэтэй бүхнийхээ хойноос хавар л асгартал уйлмаар санагддаг. Хавар намайг ийм хөндүүр болгочихдог. Гэхдээ  хаварт л бид сэтгэл мэдрэмжээ хамгийн сайнаараа сонсож чаддаг. Яагаад ч юм хамаг сайхан бүхэн хавар л болдог шиг санагддаг. Хавар миний хамаг бүхэн.