Миний хийсэн судалгаагаар манай улсад ямарваа нэгэн сэдэв нийгмийн сүлжээнд дунджаар 3.6 хоног сэвэгддэг гэсэн хачин сайхан дүн, мэдээ гарчээ. Тэгэхээр Монгол тулгалтны 100 эрхэм гэдэг шиг монголчууд бид нэг жилд 100 орчим сэдэв сэвж, өнөөх сэдвүүд нь ээлж дарааллаа хүлээгээд байж байдаг байх нь ээ. Эхний сэдэв ямар байсныг санаж ч чадахгүй байхад дараагийн шинэ сэдэв гарч ирээд, тэр сэдвээ тогтоож ч амжилгүй шинэ сэдэв рүү халтиран ордог жамтай аж. За тэгээд Баярмаагийн бөгсөнд хавчуулсан кока коланаас эхлээд, прокурор хүүхний бадрангуй ааш, авлигатай тэмцэх газрын даргын наалинхай яриа, уулзалт дээр уурласан хүүхний соль өнгөөр эхлээд си хоолойгоор дуусгасан яриа, шүүгчдийн багаахан хөрөнгө, УИХ-ын гишүүдийн боовоо хэрхэн идэх, архи уугаад хэрхэн долингордох, утасны тоглоомын 1001 дэх үеийг хэрхэн давж буй тухай, кнопоо төгөлдөр хуур аятай дарах авьяас, өөр ямар ч философи ч хэлж чадаагүй үгийг афоризм болгон хэлэх чадвар, тэдний сексийн чиг хандлагын тухай бичлэг гээд явж өгнө.
Өөрөөр хэлбэл, хүүхний бөгснөөс эхлээд хурлын танхимд өрнөх үйл явдал хүртэл бидний ярилцаж хэлэлцэх, маргалдаж мэтгэлцэх, тэгээд дараа нь мартах сэдэв болдог ажээ. Хамгийн сүүлд л гэхэд Цэргийн ерөнхий газрын гэгээнтэн Их наран хутагтын сэдэв гурав хоног сэвэгдэн амжилттай төгслөө. Мань хүн ч яах вэ өөрийнхөө харьяаны хэдэн цэрэг, цагдаагийн байгууллагаар орж, сан сүн тавьж, соён гэгээрүүлснийг манай ард түмэн хоёр тал болон хуваагдан сэвж өгөв. Зарим хэсэг нь муу муухайтай орооцолдож байдаг цэрэг, цагдаагийнхан лам авч ирж ном уншуулах нь зөв гэж байхад, зарим хэсэг нь харваас хужаа царайтай хүн байна үхсэн элэнцэгнийнх нь лам байдаг юм гэж уурсаж байгаа шинжтэй. Гэтэл бас тэр лам чинь нийслэлийн удирдлагуудыг дуурайж нум сумаар тэнгэрт харваж, бороо оруулсан хэрэг гэж байхад, өөр бусад нь үгүй тэр чинь өөрөө наран хутагт болохоороо нэг л нар байх ёстой хэмээж тэнгэрийн нарыг харваж байгаа нь тэр гэж сэв, мэдзэмхийрч байна. Мөн зарим нь тэр лам цэргийн ангид очоод нум сум харвадаг нь агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээ туршсан хэрэг хэмээн онолдож байгаатай ч таарав. Ямартай ч лам гуай номоо дутуу уншсан уу, эсвэл дарга нар мөнгөө дутуу өгсөн үү, яасан. Ном уншуулсан цагдаа, цэргийн газрын дарга нар сахилгагүйтсэн хэмээх зүйл ангиар сахилгын шийтгэл авснаар энэ сэдэв хаагдав.
Лам мөнгөтэйгөө ном уншуулсан дарга нар мөнгөгүй дээрээ шийтгэлтэйгээр хэрэг өндөрлөв. Ийнхүү хаагддаг гурав хоногийн сэдэв байхад хаагддаггүй дахин дахин сөхөгдөөд сэвэгдээд байдаг гурав, дөрвөн жилийн ч сэдэв байдаг ажгуу. Тухайлбал, алдарт 60 тэрбумын хэрэг гэгч сэдэв билээ. Энэ бол манай нийгэмд сэвэгдсэн яахын аргагүй томоохон сэдэв мөнөөс мөн. Мөнгөн дүнгээрээ ч тэр, орооцолдсон этгээдүүдийн албан тушаалаар нь бодсон ч тэр, яахын аргагүй том сэдэв билээ. Энэ сэдвийг анхлан тАНай намынхан сонгууль бүрээр амилуулж сэвдэг байсан бол эдүгээ МАНай намынхан дотроосоо байн байн сөхөн гарган ирж сэвдэг болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд аньж байсан сэдвийг Л.Оюун-Эрдэнэ хэмээх хүү гаргаж ирж буцаж сэвэв. Зүгээр ч нэг гаргаж ирсэнгүй 19 гишүүний хамтаар гарын үсэг цуглуулан сэвэв. Ер нь энэ сэдвийг сэвэх үеэр нийгэм тэр даяараа хоёр талцан хэрүүл хийдэг жамтай.
Тэр бичлэг чинь жинхэнэ гэдгийг шүүхийн шинжилгээгээр нотоллоо гээд л нэг хэсэг нь тамга тэмдэгтэй бичиг үзүүлэн сэвж байхад удалгүй нөгөө хэсэг нь шүүхийн шинжилгээгээр нотолсон дарга чинь эвлүүлэг байсныг буцааж нотоллоо хэмээн бас нэгэн бичиг гарган ирж сэвнэ. “Аан тэр бичлэг хийсэн Доржзодов гэдэг нөхөр чинь хулгайч, дээрэмчин үл бүтэх этгээд” гэж нэг хэсэг нь харлуулж байхад нөгөө хэсэг нь “шүгэл үлээгч, улсын баатар хүн шүү дээ” хэмээн цайруулан өргөмжилнө. Холбогдогч Ц.Сандуй гэхэд бид тийм нэг уулзалт хийсэн нь үнэн гэж мэдэгдэж байхад хэргийн нөгөө холбогдогч М.Энхболд тийм юм байхгүй тэр чинь эвлүүлэг гэж байх жишээтэй. Бас нэгэн холбогдогч А.Ганбаатар “тэнд чинь тэгж ярих юм бол У.Хүрэлсүх хүртэл байсан” гэж мэлзэж байхад У.Хүрэлсүх нь “60 тэрбумын хэрэг гэж бодьтой тул хариуцлагаа өөрсдөө хүлээцгээ” гэж холбогдогчдод сануулж байх жишээний. Тэгэхээр А.Ганбаатарынхаар бол тэр бичлэг хийсэн нь үнэн. Тэр бичлэгт бичигдсэн уулзалтад У.Хүрэлсүх байсан нь ч баараггүй. Гэтэл У.Хүрэлсүхийнхээ хажууд У.Хүрэлсүх бол аалз, тойрон хүрээлэгчид нь аалзны хөл гээд яриад байж байсан болж таарах нь ээ. За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Ийм юм бодохоор толгой хүрдэггүй юм. Гээд бодохгүй болохоор 60 тэрбумын хэрэг үнэн ч юм шиг, үгүй ч юм шиг, хүмүүс үнэн гэж итгээд ч байх шиг хуулийнхан худлаа гэдгийг нь батлаад ч байх шиг нэг сэдэв байна. За түүний дараа их эрчтэй явсан нэг сэдэв бол “бандааш” хэмээх сэдэв билээ. Энэ сэдвийг хэдийгээр найман настай балчраас 80 настай буурал хүртэл мэдэх ч буцаан сануулахад, олноо бандааш хэмээн өргөмжлөгдсөн нэгэн эр хүн, нэгэн орой нэг талаар эхнэртэйгээ адилхан, нөгөө талаар эхнэрээсээ арай л өөр хүүхэнтэй саунд сууж байгаад гарчээ.
Түүний өөрийнх нь хэлснээр “саунаас гараад айлд очиж хоноод бандаашаа өмсөөд гэмгүй гарсан атал улс төрийн том бүлэглэл мань хүнийг бандаашгүй гарсан” хэмээн гүтгэсэн аж. Товчилбол мань хүн бандаашаа өмсөөд гарсан тухай сэдэв юм. Энэ сэдэв бас яг нэг жил хэртэй сэвэгдсэн бөгөөд мань хүн бандааш гэдэг нэрээ татсанаар саяхан дууссан билээ. Манай нийгмийн сүлжээнд зарим заримдаа гэнэт орж ирж ганц хоёрхон хоног яригддаг сонирхолтой сэдэв бол яалт ч үгүй шалдан нүцгэн биетэй холбоотой хөнгөн, хөөрхөн сэдвүүд билээ. Тухайлбал, нэгэн Баярмаа суугаад босохдоо кока кола ундаа бөгснийх нь завсраар хавчуулагдсаныг анзааралгүй цааш алхаж байхад нь дүү нь зургийг нь дарчихсан сэдэв гэхэд ганц хоёр хоног зоолттой хэлэлцэгддэг. Мөн “цэнхэр” эгчийн маань ээжийгээ усанд оруулж байгаа нь нэг хоног, шалдан зураг нь хоёр хоног, элийрэгчтэй хийсэн хэрүүл нь гурав хоног, оффшор данстай холбоотой гаргасан нь мэдэгдэл нь дөрөв хоног, бэртэйгээ маргалдсан хэрүүл нь долоо хоног, Мүүний шашин ба Б.Насанбаяртай хийсэн дайн нь нэг сар гаран нийгмийн сүлжээнд сэвэгдсэн байх жишээний. Түүнээс гадна, хүүхэд хүчирхийлүүлсэн, мориноос унасан, хаалганд даруулсан, тогонд цохиулсан, голд урссан, машинд дайруулсан хэргүүд сэдэв болон ганц хоёрхон хоног хэлэлцэгдээд, өдөр өдрөөр өөрчлөгдөх өөр нэг сэдэвт даруулаад, мартагдаж хоцордог гэмтэй. Харин бид асуудлыг биш сэдэв дагаж намирч, сэвж, мартаж, сэдвээс сэдвийн хооронд өдөр хоногийг өнгөрөөсөөр л...