Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч У.Цолмон өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байна. У.Цолмон хүү аравдугаар сарын 13-ны өдөр хоёр дахь удаагаа хүнд хагалгаанд орсон бөгөөд одоо түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний ээж Т.Намуундаръяа бидэнд хандаж, хэдхэн хором ярилцлаа. Арван настай У.Цолмон хүү эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа учраас огт уйлаагүй, сэргэлэн, сайхан сэтгэлтэй хүү хэмээн түүний ээж ярьсан юм. Хүүгийн хувьд сургуулийн тэргүүний сурагч, шатар, даамны аварга сурагч аж.
-Анх хэзээнээс эмнэлэгт хандаж байсан бэ. Эмнэлгээр явахад ямар онош гарсан юм бэ?
Миний хүү У.Цолмон 2019 оны зургадугаар сард өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой Гуравдугаар эмнэлэг, Эх нялхасын дүгнэлтээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу 2019 оны зургадугаар сард Солонгос улсыг зорьж төлөвлөгөөт хагалгаанд орсон. Нийт 12 цаг үргэлжилсэн хагалгааны дараа хүүгийн минь бие сайхан сэргэж хүнд өвчнөө давж чадсан. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд дахин төлжиж, 2020 оны дөрөвдүгээр сард урьдчилсан үзлэгт ороход хавдар сэдэрч, тархины талд үүссэн усжилтын хэмжээ ихэссэн байна гэсэн. Дахин Эх нялхас, Гуравдугаар эмнэлэгт хандахад дахиад л дотооддоо эмчлэх боломжгүй гэдэг хариу хэлсэн юм. Өмнөх төлбөр 100 сая төгрөг болсныг гэр бүлийн хэмжээнд төлж эмчлүүлсэн. Одоо хүү минь манай ээжтэй БНСУ-ын эмнэлэгт хэвтэж байна. Хоёрдахь хагалгаа аравдугаар сарын 13-ны өдөр болж, тархи тал хүртлээ усжиж, хэвтрийн байдалтай Солонгост очсон учраас төлбөр нь дахин100 орчим сая төгрөг болсон. Хагалгааны явцад хүндрэл үүсч хавдрын эсийг гүйцэд салгаж авч чадаагүй гэсэн үг л дээ. Хэрвээ хавдрын эсийг гүйцэд салгаж авбал, хэл яриа, хөдөлгөөн гэх мэтчилэн биед нь ямар нэгэн гэмтэл учирах байсан юм билээ. Тиймээс хавдрын эсийг үлдээгээд лазер хагалгаанд орж эсийн төлжилтийг зогсоох эмч нарын шийдвэр гарсан. Хоёрдахь удаагийн хагалгаа өмнөхөөсөө маш хүнд, ухаан орохгүй гурав хонож байж сэргэсэн. Сэргэсэн ч хэдхэн секунд нүдээ нээчихээд, буцаад л унтаад өгдөг. Ерөнхийдөө унтаа байдалтай байсан. Аажим, аажмаар эмчилгээ хийлгэж сэргэсэн ч 10 настай хэрнээ ухаан санаа нь хоёр настай хүүхдийн хэмжээнд оччихсон юм шиг байсан.
-Одоо эмчилгээний зардалд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Монгол түмнийхээ тусламж, дэмжлэгээр боссон хандиваар хагалгаанд орчихоод одоо лазер хагалгааны төлбөр хүлээгдэж байгаа. Гэхдээ өмнөх хагалгааны төлбөр бүрэн төлөгдөхийг хүлээж байна. Ингэж байж дараагийн шатны хагалгаа хийгдэнэ. Аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 39 сая вонын төлбөр гарсан баримтыг нь эмнэлгээс авсан. Одоогоор энэ мөнгөний 15 сая воныг нь төлчихсөн. Дахиад цаана нь монгол мөнгөөр 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. Үүнийг төлж байж дараагийн лазер хагалгаанд орох бөгөөд 20 сая төгрөгийн өртөгтэй. Уг хагалгаанд орсны дараа хүүгийн биеийг нөхөн сэргээх физик эмчилгээ, ор хоног, эмчилгээний мөнгө шаардлагатай. Одоо ч энэ бүхний төлбөр урссаар л байна. Хоол идэж чадахгүй байгаа учраас уураг хийх, өртөг өндөртэй морфин зэрэг өвчин намдаах тариа хийж байгаа. Энэ бүхэн хэдэн сая воноор яригдаж, өдөр ирэх бүр өссөөр байна. Цаашид ямар эмчилгээ хийгдэхийг мэдэхгүй. Гэхдээ эмч нарын хэлж буйгаар одоо 150 орчим сая төгрөг орох байх гэсэн. Бид жирийн ард түмэн, дуучин урлаг соёлынхон гэх мэтчилэн олон хүнд хандсаар явна.
Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй хүүхдүүдэд бид нартай ижил түвшний хүмүүс, жирийн ард түмэн л тусалдаг юм билээ. Монголчууд олон арван хүнд өвчтэй хүүхдийг эмчлүүлж чадлаа. Миний хувьд үнэхээр аргаа барсан даа л Фэйсбүүктээ “туслаач дэмжээч, одоо тэдэн төгрөг цугларсан байна, тийм хэмжээний мөнгө дутуу байна” гэж үргэлж л ард түмэндээ хандсаар байна. Ингэж хандахад надад үнэхээр хэцүү байгаа боловч хүүгийнхээ төлөө хэзээ ч айхгүй, ичихгүй. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэн учраас төрдөө хандсан. Төр засаг миний хүүдийн эмчлэх ёстой, эмчилгээний төлбөрийг төлөх ёстой гэж хандаагүй. Иргэн хүн гарцаагүй байдалд орчихсон байхад эргээд төлөх нөхцөлтэйгээр зовсон бидэнд яагаадтусалж болохгүй гэж. Байр худалдаж авахад олон хүн зээлээр, лизенгээр авч байгаа шиг хүүхдийнхээ амийг зээлээр ч болтугай хамгаалаад эргэн төлье гэсэн юм. Ийм хүсэлт байсан ч хэнд хандахаа мэдэхгүй, хэн жирийн биднийг хүлээж авахыг мэдэхгүй. Бичиг баримтаа бүрдүүлчихээд хаалга хаалга тогшоод яваад байхад л хүлээж авах ч хүн олдохгүй юм.
-Эрүүл мэндийн яаманд хандаж үзэв үү. Ямар хариу өгөв?
-Эрүүл мэндийн яаманд хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр ганцаараа очиход иргэдтэй уулзах цаг байхгүй гэж хэлсэн. Маргааш нь яамны гадна шууд live хийж, шийдвэр гаргах ёстой хүмүүст нь хүргээд өгөөч гэдэг бичлэг хийсний дараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ирсэн. Тэгэхэд яамны хэвлэл мэдээллийн ажилтан нь гарч ирээд “та одоо ороод уулзах уу” гэсэн. Улмаар Нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнтэй уулзсан л даа. Тэр хүн надад нийт эмчилгээгээ хийлгээд ирсний дараа тав хүртэлх сая төгрөг олгодог. Тэр нь төлсөн мөнгөнөөсөө шалтгаалаад хэд ч байж болох юм билээ. 2019 онд хагалгаагаа хийлгээд ирэхэд бидэнд гурван сая гаруй төгрөг олгож байсан юм. Гурван сая төгрөг гэдэг бол эмчилгээний нэг өдрийн төлбөрт ч хүрдэггүй. Түүнийг нь мэдэж байгаа учраас сайдтай уулзъя гэдэг санал тавьсан ч уулзаж чадаагүй байна. Миний хүү шиг олон хүнд өвчтэй хүүхэд байгаа. Над шиг хүүхдийнхээ төлөө явж байгаа нь ч байна, тэднийхээ хажуунаас холдож чадахгүй, яахаа мэдэхгүй суугаа нь ч байна. “Төр эрүүл мэндийн эрсдлийн сан, эрүүл мэндийн харьяа ямар нэгэн тусламжийн байгууллага, эсвэл улсын нөөцөөсөө иргэддээ туслаач ээ. Эргээд бид улсдаа төлье. Хүүхдээ аварч л байвал насаараа төлсөн ч яах вэ”гэдэг саналыг тавьж байгаа. Гэхдээ нөлөө бүхий хүмүүсийн чихэнд хүрсэн эсэхийг нь ч мэдэхгүй байна. Үнэхээр болохгүй бол Солонгос улсад хүүхдээ асрангаа ажиллаад бага багаар төлөөд байя гэвэл бас л хүлээж авахгүй. Ямар хариу өгөх нь тодорхойгүй шүү дээ. Эмчилгээний урьдчилсан төлбөрөө төлөөгүйгээрээ дараагийн эмчилгээнд шилжиж чадахгүй. Дараагийн эмчилгээндээ орж чадахгүй болохоор өмнөх эмчилгээ нь үр дүнгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид найман цаг хүүхдийнхээ тархийг ухуулчихаад, дараагийн шат руу шилжиж чадахгүй байна гэдэг харамсалтай. Өдөр хоног явах тусам хүүгийн минь бие муудсаар байна. Эмч нар болсон хойно хүүгийн минь апаратыг салгаад орхихгүй нь сайхан юм даа.
-Солонгос ажиллаж, амьдарч байгаа хүмүүст хандав уу. Тэд хэр дэмтэй байна?
-Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд их байгаа ч соошл орчинд миний оруулсан постыг хараад бидэнд хандсан ганц, хоёр хүн байгаа. Тэд нар чинь бас ажилтай, амьдралтай хүмүүс шүү дээ. Одоогоор эмнэлгийнхээ өрөөнд орчуулагчтайгаа харьцаад байж байна.
-Хэрвээ удаан хүлээлттэй байвал ямар эрсдэл үүсэх талаар эмч нар хэлсэн үү?
-Хэдий хоргүй хавдар ч гэсэн өмнөх хагалгаа хийгдсэнээс хойш жил хүрэхгүй хугацаанд асар хурдтай төлжчихсөн. Дахиад хавдрын эс үлдчихсэн учраас дахиад төлжинө гэж эмч нар үзэж байгаа. Дараагийн лазер хагалгаа хийгээд түлж болох хэмжээний эсийг үлдээдэг. Хэрвээ томорчихвол дахиад түлэх боломжгүй болчихдог юм билээ. Маш хүнд учраас гурав дахь хагалгаа бараг байхгүй.
-Амь насанд халтай гэсэн үг үү?
-Аравдугаар сарын 13-ны өдөр орсон хагалгаанд тархины ус нь дотроо задарсан бол амьсгалын зам, биеийн бүх судсыг дарж, эмнэлэгт хандах боломж байхгүй гэж хэлж байсан юм. Одоо дахиад л нөгөө процесс явагдана шүү дээ.
-Танай хүүгийнх шиг оноштой хүүхдүүд монголд хэр их байдаг вэ. Та судалж байв уу?
-Цахим орчинд хавдартай хүмүүсийн группт эмчилгээ, биеийн байдлынхаа талаар мэдээлэл солилцдог. Яг нарийн ярихаар өнчин тархины хавдар биш. Задлаад ярих гэхээр хүндрэлтэй юм билээ. Өнчин тархины доор, харааны мэдрэлийн доор хүний биеийг удирддаг судастай ойрхон учраас тайлбарлах хэцүү. Миний хүүгийн оноштой ижил төрлийн хавдар монголд байхгүй. Гэхдээ өнчин тархины эсвэл, тархины төрлийн хавдар олон байгаа.
-Энэ төрлийн хавдар яг юунаас бол үүсдэг юм бол. Бусад хүмүүс ч урьдчилан сэргийлэх зорилгоор мэдэхэд илүүдэхгүй байх?
-Хүмүүс чанаргүй хүнснээс болдог гэж ярьдаг ч манай гэр бүл хамгийн эрүүл хооллолтыг эрхэмлэдэг. Манай нөхөр спортын мастер хүн. Хүүхдүүдээ аль болох эрүүл, хооллож, дааруулахгүй байхыг хичээдэг. Гэсэн хэдий ч ийм өвчин тусчихсан. Эмч нар ийм өвчин тусах хүчин зүйл их байдаг гэж хэлдэг. Тухайлбал, тархинд байсан эс буруу зарчмаар хөгжсөн, эсвэл агаарын бохирдол, үнэртэй ус, хүнсэнд нь харшилдаг гэх мэтчилэн сөргөөр нөлөөлөх ямар нэгэн бодис бидний эргэн тойронд маш их байдаг гэж тайлбарласан. Төр засаг туслахгүй бол үнэхээр хүнд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ачаар олон түмэнд хүрч, иргэдийн өргөсөн хандиваар хоёр дахь хагалгаандаа орсон. Ахиад үнэхээр ард түмнээс гуйж чадахгүй байна. Ард түмэндээ үнэхээр их баярлаж байгаа. Гэхдээ одоо төр засгаасаа тусламж хүсмээр байна. Миний хүүгийн зардал 150 сая төгрөг гэж байгаа ч, түүнээс ч их 500 сая, 900 сая төгрөгийн эмчилгээний зардалтай хүмүүс байна. Энэ бүхнийг төр засаг анхааралдаа аваасай. Олон гэр бүл элэг бүтэн байхыг хармаар байна. Эцэг, эхчүүд хэнд, хаана хандахаа мэдэхгүй хямарч суухад хүүхдийн эрүүл мэнд минут, секунд, хором бүхнээр хэмжигдэж байдаг юм.
-Эмчилгээ хийлгэсний дараа эдгэрэх найдвар хэдэн хувь гэсэн бэ?
-Ерөнхийдөө хавдрыг нь аваад, өсөлтийг нь зогсоочихвол бүрэн эдгэрэх боломжтой. Мэдээж гамаа бариад, дасгал хөдөлгөөнөө хийгээд байвал буцаад эрүүл саруул болно. Хүнд өвчин туссан ч даваад гарчихсан, маш их өвдөлт шаналалыг тэссэн олон хүн эрүүл саруул явж байгаа учраас манай гэр бүлийнхэн итгэлтэй байгаа. Эдгэнэ гэдэгт хэзээ ч горьдлого тасрахгүй. Хүмүүс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэхээр боломж найдвар байхгүй гэж ойлгоод байдаг. Эмчилгээний зарчмынхаа дагуу хийлгэсэн л бол олон хүн амьдардаг юм шүү дээ.
Холбоо барих утас: 9811-4880
Хаан банк 5779194447
Голомт банк 3155110033
Төрийн банк 312500474121