ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Кнопны наймаа хийж нэр хүндээ баравзай, гишүүд ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-24

УИХ-ын гишүүнийг авлига, албан тушаалын хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байсан тохиолдол бараг үгүй гэхэд хэтийдэхгүй. Өмнө нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө гишүүнээс түдгэлзсэн гурван тохиолдлын нэг нь л эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн буюу ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд давуу эрх олгож зээл гаргасан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлж байлаа.

Харин Н.Номтойбаярын тухайд өөрийнхөө гэхээс илүү аавынхаа компанийн асуудлаар ёсзүйн хариуцлага хүлээж байжээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь хүчингийн хэргийн улмаас гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас бүрэн эрхээ дуусгалгүй гишүүнээс чөлөөлөгдөж, Т.Аюурсайхан харин ХНХ-ын сайдын суудлаас гурван сарын дараа чөлөөлөгдөж байна.

Улс төрд шинэ жишиг тогтсоныг, төрийн өндөр албанд очсон хэнбугай ч ёсзүйтэй, хариуцлагатай, идэж уухын донгоо засахгүй бол ямар зам мөр хүлээж буйг харуулах том жишээ, нотолгоо болж хоёр улстөрч тус тусын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Улс төрийн өнцгөөс дүгнэвэл энд олон шалтгаан бий байх. Тойрог суллаж байна, өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг явууллаа гэх мэтээр олон өнцөг яригдаж байгаа. Гэвч өөр нэг өнцгөөс харж гэмээнэ улс төрд шинэ жишиг тогтож эхэлсэн тод томруун жишээ болж буйг үгүйсгэх хэрэг юун.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр “Нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслах нь иргэдийн хүсэж буй зүйл. Монголчуудын сайхан амьдрах боломжийг үгүй хийж хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй зүйл бол авлига. Тиймээс энэ хаврын чуулган авлигын үндсийг таслах, эрхзүйн шинэчлэл хийх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ үгэндээ ч тэрбээр хүрч нүүрсний бүлэглэлтэй зууралдсан хоёр улстөрчийн асуудалд зарчимч байр сууринаас хандав. УИХ авлигачдаа хамгаалсангүй, бүрэн эрхийг нь чөлөөлөөд явуулж буй гэдэг нь олон улсад ч хамгийн том мессеж болж очно. Тэр хэрээр ч авлигын индексээ бууруулж чадах учиртай юм. Асуудал зөвхөн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нараар дуусахгүй. Парламент дотор дахиад ч бүрэн эрх нь хөндөгдөх хэд, хэдэн гишүүд бий.

Тодруулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕПГ-т хүргүүлжээ. Тус хүсэлтийг энэ сарын 22-ны өдөр Прокурор хүлээж авсан ч одоогоор УИХ-д оруулж ирээгүй байгааг Г.Занданшатар дарга мэдэгдэв. Гэхдээ асуудал орж ирсэн тохиолдолд хуулийн дагуу хандана хэмээжээ. Тэрбээр, өнөөдөр “tovch.mn” сайтад өгсөн тодруулгадаа “Орж ирээд хүлээж авснаас хойш ажлын тав хоногт асуудлыг шийднэ. Хариуцлагатай хандах ёстой асуудал. Ард түмний элч төлөөлөгчийн мандатын асуудалд маш хариуцлагатай хандана” гэв.

Нэмээд гурван гишүүний бүрэн эрхийн асуудалд цаашлаад А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд гэх мэтээр жагсаалт үргэлжлэх дуулиантай зэрэгцэн зөөлөн сэнтийдээ үлдэх гэсэн улстөрчид кноп үнэлэх ажилд орсон гэх яриа ч дуулдаж байгаа юм.

Тэр тусмаа нүүрсний бүлэглэлийн улстөрчид танхимын найзуудынхаа кнопыг худалдаж авахаар өрөө, өрөө дамжин нууц уулзалт хийж, гишүүний суудалтайгаа үлдэхээр хор найруулж эхэлжээ. Нэг кноп багадаа ч 200-500 саяас эхлэн яригдаж байгаа гэх яриа ч үнэний ортой дуулдаж байгаа. Учир нь тэд авлига, албан тушаалын хэргээр бүрэн эрхээ түдгэлзүүлж гэмээнэ дахиж УИХ-д орж ирэх ямар ч боломжгүй болно.

Нэгэнт цагаан дээр хараар “Энэ бол авлигын хэргээр УИХ-аас “хөөгдсөн” нөхөр” гээд тодоос тод тамгалагдах учраас УИХ-ын дараагийн сонгууль хүртэл суудалтайгаа зууралдахаар санаархаж буй нь тэр биз. Тиймээс ийм авлигачдыг хамгаалж үлдсэн хэнбугай ч ирэх сонгуулиар дахин өрсөлдөх боломжоо алдах, ард түмний дунд нэр хүндээ алдах учраас нэг удаагийн мөнгөний төлөө кнопоо үнэлэх үү, эс үнэлэх үү гэдгээ ухаантайхан шийдэх хэрэг гарах нь дээ. УИХ-ын гишүүн бүхэн асуудалд нухацтай, хариуцлагатай хандаж, нэгэнт баримтаар нотлогдсон авлигачдыг хамгаалж үлдэхгүй гэж найдъя.