ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гишгэсэн мөр бүхэн зөв байсан шүү, найзууд минь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-31

Их хотод минь хөл хөдөлгөөн нэмэгджээ. Зунжингаа ээлжийн ажилтай хүмүүсээс өөр харагдах хүнгүй шахам байсан нийслэл хүүхдийн цангинах дуу, оюутан залуусын хөл хөөрөөр өнгө нэмж байна. Оюутны ширээний араас салж ядацгаан хот, хөдөөгүй тарж одсон залуус зуны амралтаараа юу хийж бүтээснээ ярилцаж, тэврэлдэн уулзах нь хаа сайгүй л тааралдана. Гоё юм аа. Тэртээд үлдсэн оюутан насаа эрхгүй дурсаж, юунд ч санаа зовохгүй, зөвхөн нэгнээ санасан сэтгэлээр эргэн уулзаж байсан гэгээн үе рүүгээ эргээд буцмаар санагдаж, бяцхан атаархал төрөх шиг. Ээж, аавынхаа дэргэдээс холдож, амьдарлын их далайд хөл тавьж буй улаахан хацартай охин “Голомт” банкны салбар асуучихаад “баярлалаа” хэмээн инээмсэглээд гүйж одлоо.

Тэр мундаг сэтгэлтэй боловсон хүчин болж төгсөх байх аа. 10 гаруй жилийн өмнө хүн, машин завсаргүй хөлхсөн их хотод хөл тавьчихаад савх барьж чадахгүй хүргэн ахдаа шоолуулж, Их сургуулиа олохгүй эхний хичээлээс хоцорч, гурван удаагийн лекцэд Хэл, уран зохиолын багшийн ангийн оюутнуудтай хамт сууж, ангиа андуурч байсан тэр л шинэхэн оюутан нүдний өмнө зурсхийгээд алга болов. Би, чи бид бүгд л оюутан байсан. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос эрдэм өвөртөлж харих гэж их хотод хөл тавина. Дөрвөн жилийн дараа сурсан мэдсэнээ бусдад түгээсээр салж ядацгаан тарж одно. Хожмоо эргэн уулзахдаа Их сургуулийн гуанзны ногоотой пирошки, янзага жигнэмэг нь янзын амттай байсныг дурсацгааж, анхны хайр, амьдралаа эхлүүлсэн нандин дурсамж, оюутан насандаа нийлж дарвисан олон дурсамжаа хөгжилдөн ярих нь юу юунаас сайхан байдаг юм. Манай ангид охид олон байсансан. 

Сэтгүүлзүйн анги болоод ч тэр үү хоёр гуравхан эрэгтэй оюутантай. Дийлэнх нь шүлэг бичнэ ээ. Тэнхимийн нэг ангид долоо хоног бүр цуглаж, зохиосон шүлгээ уншиж өгнө. Шүүмжлэл өрнүүлнэ. Магтах нэгнээ магтана. Мэргэжлийн хичээл орох үед мэтгэлцэнэ. Заримдаа хэтэрхий задгай шүүмжилж, нэгийгээ гомдоочихно. Төд удалгүй эвлэрчихээд мөнгөө нийлүүлж, цайны газар руу шуугилдсаар ордогсон. Одоо тэд бүгд л ажилтай, мэргэжилтэй, бас завгүй хүмүүс болсон. Сэтгүүлзүй, утга зохиолын салбарт өөр өөрийн амжилт гаргаж, нэрээ дуудуулж яваа шинэ үеийн залуусын төлөөлөл болсон та нартаа хайртай шүү. Гишгэсэн мөр бүхэн маань зөв байсныг одоо бид харцгааж байна. Тус тусын ажил амьдралаа хөөж, олон хүүхдийн ээж аав болсон ч сэтгэлдээ өнөөх л шүлэг уншсан галзуу хэдэн “найрагчид”. “Мундаг сэтгүүлч болно оо” гэсэн дэврүүн хүсэлдээ хүрэх гэж хичээж л явна. Хамтдаа тэр оргилд хүрнэ ээ, оюутан цагийн найзууд минь. Та нарыгаа санаж байна.

Навчис шарлаж, хичээлийн шинэ жил эхэлж буй энэ цагт юу юунаас ч илүү санах юм аа. Хүний хамгийн нандин дурсамж оюутан насанд л үлддэг юм. Хайр сэтгэл, бүтэлгүй дурлал, зүггүйтэж дэггүйтсэн олон дурсамжийг хамтдаа бүтээдэг учиртай. Олон, олон нандин дурсамжаа бүтээж, эх орондоо ихийг хийж бүтээх дэврүүн хүслээ битгий гээгээрэй. Хотын хүмүүс дунд сайн, муу хүн олон байдгийг санаж, үргэлж нэрээ бодож, хамгийн чухал нь сайн боловсон хүчин болдог юм шүү.  Чиний хамгийн нандин дурсамж Их сургуулийн анги танхим, нийслэл хотын өнцөг булан бүрт өнгөрдөг юм. Энэ л хотдоо амьдралын ханиа, анхны хайраа, магадгүй алаг үрээ олох сонголт ч чиний өмнө ирнэ. Тэр бүхэнд сөхрөлгүй давж гарвал хожмоо чамд дандаа сайхан дурсамж үлдэх нь дамжиггүй. Хичээлийн шинэ жилийн мэнд.