ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Зах зээлд зохиомол хомсдол үүсгэвэл захиргааны арга хэмжээ авна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-16

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүхэлд эцэслэн баталсан билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Төсвийн тодотголыг хийж, баталлаа. Төрөөс цаг алдалгүй хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмэгдүүлж, хүн амынхаа бодит орлогыг нэмж байна. Мэдээж тодорхой инфляци нэмэгдэх байх. Үүнийг Мөнгөний бодлого, Төсвийн бодлогоор саармагжуулах бүхий л төрлийн арга хэмжээг авна.

Тухайлбал, эдийн засгийн болон захиргааны арга хэмжээг авах юм.  Төсвийн байгууллагууд хэмнэлтийн хуулиа чанд баримтлаад явна. Харин зохиолмоор хомсдол үүсгэх зүйл гарвал хатуу тэмцэж ажиллана. Түүнчлэн, сүүлийн гурван жилд манай улс маш эрсдлийг үүрлээ.

Харин үлдсэн нь шийдэж болох эрсдлүүд байна. Мөн нүүрсний үнэ экспорт тодорхой хэмжээнд нэмэгдэж байна. Төрийн зүгээс бүхий л бололцоогоо дайчилж ажиллана. Төсвийн тодотголтой холбогдуулаад, аймгууд тодотголоо хийнэ. Ингэснээр ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ" гэв.

 

Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн батлагдсанаар долдугаар сарын 1-нээс дараах боломжууд бүрдэнэ.

• Өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлэх

• Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх

• Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх

• Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгох

Монгол улсын төсвийн орлого:

- 2023 оны эхний хагаст 1.1 их наядаар давж биелж

-Цаашид 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Төсвийн орлого давж биелэхэд нөлөөлсөн нүүрсний экспорт цаашид өсөлтөө алдахгүй. 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг эрчимтэй сэргэж, 2023 оны эхний хагаст 7.6 хувьд хүрч өссөнөөр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжийг бий болгож чаджээ.

.