Ухамсарт амьдралынхаа 20 гаруй жилийг багийн спорт тэр дундаа сагсанбөмбөгийн спортын төлөө зориулсан “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Томми буюу Б.Билгүүн их спортоос зодог тайлах мэдээ олон хүний сэтгэлийг гонсойлгож буй. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй цолны эзэн болов.
Ерөнхийлөгч гавьяатын тэмдэгийг энгэрт нь зүүж өгөхдөө “Цаашаа үргэлжлүүлэн тоглоорой. Леброн хүртэл 40 нас хүртлээ тоглож л байсан шүү” дээ хэмээн түүнд урам өгч байлаа. Харин тамирчин маань шагналаа гардсаны дараа “Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Цааш нь яаж дааж явах вэ гэдэгт илүү их санаа зовж байна.
Миний ард үргэлж дэмжиж байсан гэр бүл, баг хамт олон, дасгалжуулагч, багш нартаа баярлалаа. Лигт 2006 онд орсноос хойш 19 жил болжээ. Монголын сагсан бөмбөгийн спорт хөгжөөд 60 гаруй жил болсон. Таван гавьяат дасгалжуулагч, гурван тоглогч гавьяат авсны нэг нь би болж байгаадаа баяртай байна. Надтай цуг энэ шагналыг авах ёстой Т.Санчир найзыгаа их бодож байлаа. Удахгүй миний найз нар бас авах байх аа. Долдугаар ангиасаа эхлээд сагсанбөмбөгөөр хичээллэхэд ард дэмжиж байсан бүх багш нартаа баярлалаа. Аав, ээж хоёроороо бахархаж байна” хэмээлээ.