Өнөөдрөөс 14 хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг сумын Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн гэх үндэслэлээр аймгийн ИТХ дахь АН-ын гишүүд огцруулах саналыг өргөн барьж, улмаар 58.6 хувийн саналаар буюу АН-ын 14 төлөөлөгч, МАН-аас гарах хүсэлт өгсөн гурван төлөөлөгч нийт 17 хүний саналаар огцруулсан байдаг.
Уг нь Булган аймагт МАН ялалт байгуулж, 29 төлөөлөгчийн 15-ийг бүрдүүлээд байсан ч замын дундаас гурван төлөөлөгч МАН-аас гарч буйгаа мэдэгдэн өргөдөл өгч, ийнхүү намаасаа томилогдсон Засаг даргаа огцруулах шийдвэр гаргаж байлаа.
Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ Булган аймгийн АН-ынхан “Сумын Засаг даргыг хууль зөрчиж томилсон. Мөн төрийн албанд ажиллаагүй” хэмээн тайлбарласан ч Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байсан учраас төрийн албанд ажиллаагүй гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл болох нь нотлогдсон. Харин сумын Засаг даргыг хууль бусаар томилсон гэх асуудлын тухайд “АТГ-т бичгийг нь явуулаад хууль зөрчөөгүй гэсэн хариу ирсэн учраас тухайн сум орон нутгаас ирүүлсэн бичгийн дагуу томилгоо хийсэн асуудлыг улстөржүүлж байна” хэмээн хэвлэлд яриа өгөхдөө онцолсон билээ.
Тэгвэл энэхүү огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор хүлээж авах эсэхээ аймгийн ИТХ-д хариу албан бичгээр мэдэгддэг бөгөөд энэ дагуу өнөөдөр Ерөнхий сайд албан бичиг илгээж “Ээлжит бус тавдугаар хуралдааны 28 дугаар тогтоол” буюу Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ аймгийн ИТХ-ын даргад мэдэгджээ.