Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд шилжиж буй билээ. Өөрөөр хэлбэл, харилцагч банк хоорондын гүйлгээ хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийдэг болж буй.
IBAN гэж юу вэ?
IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчилолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.
IBAN дансны дугаар ашиглах давуу талууд:
* IBAN дугаарлалт нь хүлээн авагчийн улс орон, банк, дансны дугаар агуулсан тул гүйлгээний хурд нэмэгдэнэ.
* Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг буцах, саатахаас урьдчилан сэргийлнэ.
* IBAN дансны дугаараар гүйлгээ хийхэд давхардал үүсэхгүй, нэр болон данс зөрүүтэй гүйлгээ хийх тохиолдол гарахгүй.
Албан байгууллагууд мөн IBAN-д шилжсэн. Иймд харилцагч та бүхэн олон улсын жишиг, шаардлагын дагуу банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дугаар ашиглаж, шинэ системд хурдтай дасан зохицохыг зөвлөж байна.
IBAN системийн нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин Монгол Улсын банкны салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, илүү хүртээмжтэй, найдвартай, хурдан болгох томоохон алхам юм.