ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Ирэх онд 296 шинэ хөрөнгө оруулалтыг 1.3 их наядаар санхүүжүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2026 оны улсын төсөв хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 15-ны дотор батлагдаж, хуулийн хугацаандаа батлагдсан төдийгүй зарим өөрчлөлтүүд нь хийгдэхдээ макро түвшний үзүүлэлтүүд нь сайжирч батлагдсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Ковидын хүнд хэцүү үед боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын цалингийн нэмэгдэл хангалттай хийгдэж чадаагүй. 2024, 2025 онуудад нөхөж хийснээр төсвийн тэлэлтүүд нэлээд явагдсан. Ингээд 2026 оны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдээ дэмжих төсөв болж чадсанаараа онцлогтой. 180 гаруй мянган иргэнээс санал авч тэдний саналыг тусгаж чадлаа.

2026 оны төсвийн онцлох заалтууд гэвэл

-ДНБ-ийг 102 их наядад хүргэнэ

-Эдийн засгийн өсөлт 5.7 хувьд барина 

-Инфляцийг 7 хувьд барина

-Экспортыг 16.6 хувь болгож нэмэгдүүлнэ  

-Импортыг 13.2  хувиар нэмэгдүүлнэ

-Нүүрсийг 90 сая тонн экспортолно

-Зэсийг 1.894 байхаар тусгалаа. Тэнцвэржүүлсэн тэнцэл буюу төсвийн алдагдал анх өргөн барихад 1.5 хувь буюу 1.5 их наядын алдагдалтай байсан бол УИХ-аар хэлэлцэж, алдагдлыг нэг их наядаар бууруулсан. Тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 буюу гол тоонууд өөрчлөгдөөгүй. Нэмэгдүүлсэн зардал маань харин 1.3 их наяд болсон.

Үүнээс 884.1 тэрбум төгрөг маань цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, 382.1 тэрбумыг хөрөнгө оруулалтын зардал гэж тусгалаа. Нэмэгдсэн зүйл огт байхгүй. Одоо байгаа урсгал зардлаас нэгийг хасаад нөгөө рүү шилжүүлэх байдлаар шийдсэн. Огцом нэмэгдэл байхгүй шилжсэн учраас инфляци хоёр хувиар нэмэгдэх байсан дарамтыг багасгаж чадлаа. Дараагийн цагалбараар арванхоёрдугаар сарын 05 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдаад явна.

Ер нь ирэх онд ЭМДС-гийн санхүүжилтэд маш нямбай хандана. Хувь хүний өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүдэлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг даатгалаас гаргахгүй. Архины хордлого ч гэдэг юм уу. Амны хөндийн ариун цэврийн өвчлөлийн асуудал байна. Даатгалын сангийн хамрагдах хүрээг илүү шударга болгоно гэсэн үг.

Сүүлийн хоёр жилд хийгдсэн хяналт шалгалтаар маш их зөрчил илэрсэн. Зарим иргэд эмнэлэг дээр нэг ч очоогүй байхад өмнөөс нь эрүүл мэндийн даатгал нь ашиглагдчихсан, иргэний үнэмлэх нь явж байх жишээний. Тиймээс хурууны хээг ашиглах томхон өөрчлөлт хийнэ. Зардал суларч гарч ирнэ гэж харж байгаа. Тэр мөнгийг цалинд оруулах байдлаар явна. Долдугаар сараас хойш нүүрсний үнэ тогтвортой байна. Тэрнээс өмнө бол хоёр дахин буурсан. Ирэх жил бол бид үнэ дээр өндөр хүлээлт тавихгүй байгаа. Гол нь биет хэмжээнд анхаарна. Хамгийн багадаа 90 сая тонн гаргахаар ажиллана. Наймдугаар сард дангаараа 8.7 сая тонн нүүрс гарсан. Энийг 12 саяар бодвол 90 байтугай л гаргачихмаар харагдаж байгаа. Төрийн сан маань долдугаар сараас хойш нарийн дэглэмтэй явж байна. 2025 оны батлагдсан түвшиндээ төсвөө бариад явна” гэв.

Засгийн газраас 3.2 их наядаар хөрөнгө оруулалт хийнэ гэснийг УИХ 12 тэрбумаар нэмж, томхон өөрчлөлт хийхгүйгээр баталсан. Үргэлжлэх хөрөнгө оруулалтад 2.1 их наяд төсөвлөж, 430 төсөл санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг 486 тэрбумыг хасаж, 442 төсөлд 1.9 их наядыг зарцуул гэж УИХ-аас баталж өгчээ. Харин нэг их наядаар 149 төсөл санхүүжүүлэх санал оруулсныг 499 тэрбумаар нэмэгдүүлж, 296 төслийг 1.3 их наядаар санхүүжүүлэхээр нэмэгдүүлжээ. Ингэснээр 2027-2028 онд 4.6 их наядын нэмэгдэл гарч ирнэ гэж тооцоолсон байна.