ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Ганхуяг: Төсөв татан төвлөрүүлдэг долоон аймгаас авах татаас нэмэгдэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

2026 оны төсвийн төслийг батлуулах ажлын хэсгийг ахалсан, Төсвийн байнгын хорооны дарга асан, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг 2026 оны батлагдсан төсвийн талаар мөн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг буюу төсөв татан төвлөрүүлдэг долоон аймаг байгаа. Тэднээс татан төвлөрүүлэх орлого бол нэмэгдэж байгаа. Татаас өгдөг аймгуудын төсвийг 12.8 хувиар ижил тэгш бууруулсан. Урсгал зардлаас хүүхдийн мөнгийг нэг ч төгрөгөөр хасаагүй.Төрийн албан хаагчдын цалинг хасаагүй. Эрүүл мэнд, боловсролын байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт болон ЭМДЕГ-ын санхүүжилт, НДС-гаас нэг ч төгрөг танаагүй. Аюул осол, гэнэтийн ослын санхүүжилтээс бусад зардлаас хаслаа.

12.8 хувийн урсгал зардлыг мөн бусад сайд дарга, ЕТГ-ын нэмэгдэл зэрэг ч орсон. Том байгууллагууд харьцангуй гайгүй ч гэсэн жижиг газрууд хэцүүднэ. Төсөв төрийн бүтцийг цомхон болгож, бизнес эрхлэгчдэд ээлтэй болж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдэл эргээд эдийн засгийн эргэлтэд орно.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 190 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Ингэж тооцоход энэ салбарт ажилладаг эмч, сувилагч, асрагч гээд бүх хүмүүсийн цалинг 15 хувиар нэмэх боломжтой мөнгө гэсэн үг. Тэгэхээр салбар дотроо ярилцаад аль салбараа, аль мэргэжлээ илүү нэмэх вэ гэдгээ яриад явах байх” гэлээ.