ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Таван жилийн үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслийг дэмжив

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.14/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналыг тусгаж хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. УИХ-ын гишүүд татварын бодлогыг эргэж харах, Боловсролын салбарын цалингийн нэмэгдэлд бусад ажилчдын цалинг нэмж тусгах асуудлыг хэллээ.

Нийт 63 мянган багшийн цалинг нэмэх байдлаар төсөвт тусгасан. Боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэж тусгахад төсөвт ихээхэн савлагаа гарна. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд ажилтнуудын цалинг эргэж харах боломжтой гэж салбарын сайд П.Наранбаяр хэллээ.

Мөн Монгол Улсын 2026 Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн эцэслэн баталлаа. Баталсан хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсов.