ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ногоон нуур орчмын тохижилтын ажилд 5.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

O.Admin
5 цагийн өмнө

НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцуулав. Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа.

Ирэх оны төсөвт хот тохижилт, ногоон байгууламжийн нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих хүрээнд  Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаалга, орон сууцны дээвэр, фасад засварын ажилд 49.8 тэрбум төгрөг, Ногоон нуур орчмын тохижилтын ажилд 5.2 тэрбум төгрөг, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газар зэрэг харьяа газруудад төсөвлөсөн хөрөнгийн дийлэнх хувь нь үйл ажиллагаа, алба хаагчдын цалингийн зардалд зарцуулагдахаар байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ундны ус, дархан цаазат газрын хамгаалалт зэрэг асуудалд бодлогын хувьд төсөв хөрөнгө дутмаг суулгасан талаар хорооны гишүүд онцоллоо.

Түүнчлэн нийслэлийн хөгжлийг зөвхөн бүтээн байгуулалтаар харах бус зэрэгцээд ногоон хотыг хөгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэллээ. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа ирэх оны эхээр хорооны бүрэлдэхүүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болоод Нийслэлийн байгаль орчны газруудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, нийслэлийн ногоон хөгжлийн бодлогод онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.