DARDAS.MN

Шуурхай мэдээ

Сонгох эрх ард түмнийх, шийдвэр нь парламентынх

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлыг хүлээн авч, бүрэн барьж ашиглалтад оруулах ажлыг 1.2 тэрбум ам.доллароор гүйцэтгэхдээ нэр бүхий улстөрчдөд авлига өгсөн, ҮАБЗ-д нөлөөлж бүх гэрээгээ нууцад оруулсан гэх “Бодь интернэшнл” ХХК-ийг тойрсон дуулиан өнөө хэр улс төрийн халуун сэдэв хэвээр байна.

Нийтэлсэн:

Сонгох эрх ард түмнийх, шийдвэр нь парламентынх

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлыг хүлээн авч, бүрэн барьж ашиглалтад оруулах ажлыг 1.2 тэрбум ам.доллароор гүйцэтгэхдээ нэр бүхий улстөрчдөд авлига өгсөн, ҮАБЗ-д нөлөөлж бүх гэрээгээ нууцад оруулсан гэх “Бодь интернэшнл” ХХК-ийг тойрсон дуулиан өнөө хэр улс төрийн халуун сэдэв хэвээр байна.

Хамгийн гол нь эдгээр авлига авсан улстөрчдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр дурдагдсанаар АН-ын бүлгээс “Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгч авлигын дуулианд холбогдлоо. Өөрийн хүсэлтээр шалгуулах ёстой. Үгүй бол манай намын бүлгээс Ерөнхийлөгчид импичмент зарлаж, Засгийн газрыг огцруулж, ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч, тэмцэл эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

914740457_1477627284544801_3798344516570136190_n.jpg

Энэ мэдэгдлээс ердөө нэг хоногийн дараа Ерөнхийлөгч өөрөө гарч ирэн мэдэгдэл хийсэн нь саяхны үйл явдал. Ердөө 11-хэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Энэ бүх авлигын дуулиан худлаа гэдгийг нотлохын тулд Ерөнхийлөгчийн ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн байдаг. Түүний өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа энэ сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар хүлээн авсан улс төрийн түүх бичигдсэн. Түмэн олны дунд байтугай төр засгийн түвшинд ч уулга алдахаар энэхүү мэдэгдэл чухамдаа гэнэтийн шийдвэр байсан уу, эртнээс төлөвлөсөн улс төрийн тоглолт байсан уу гэдгийг улс төрийн хүрээллийнхэн, хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид ч өнөө хэр нэг талд нь гаргаж чадахгүй дэмий л талцан хуваагдаж, тэр эргэж ирдэг юм, тэгэхдээ бүр хүчтэй болоод эргэж ирдэг хэмээн таамаглаж бичсээр байна.

Ерөнхийлөгч буув, улс төрийн айдас үлдэв

914335632_1476759331298263_1815243357931048781_n.jpg

Зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа 221 хоногийн өмнө дуусгаж, үүрэгт ажлаасаа бууснаар У.Хүрэлсүхийн дараагийн улс төрийн нүүдэл юу байх вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөсөөр л. Тэр дахин Ерөнхийлөгч болж парламентаас сонгогдох уу, эсвэл намын даргын суудлыг авч Засгийн газрыг толгойлох уу гэх мэтээр таамаг бичигдэж байна. Энэ нь түүний үүрэгт ажлаа өгөх чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн байр суурьтай холбоотой юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөхдөө “Ерөнхийлөгчийг парламент сонгодог болох эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй болов уу. Би бол Үндсэн хуулийг өөрчлөхгүй гээд хэлчихсэн. 126 гишүүнтэй болоод үр дүн харагдахгүй байгаа. Эсвэл 76 нь дээд танхим, бусад нь доод танхим гээд явж болно” гэдэг үг амнаасаа унагасан юм. Ингэснээр түүнийг улс төрд дахин оруулж ирэхийг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг учраа олохгүй сандралдаж, “Экс Ерөнхийлөгч өөрийн төлөөллөөр дамжуулан Үндсэн хуулийг өөрчилж, парламентаас дахин сонгогдохоор санаархаж байна. Бүр цаашилбал Ерөнхийлөгчийн засаглалтай болох улайрлаа эхлүүллээ” хэмээн сандралдаж эхэлжээ. Ерөнхийлөгч буусан ч улс төрийн айдас хэвээр үлдсэн нь энэ.

“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр улс төрөөс гараад явчихсан хүнээс ард түмний төлөөлөл 126 хүн айж, төсөөлөлдөө нэг мангас бий болгож, түүнийгээ бодит болгохын тулд санаснаа зохиож ярих нь өөрөө утгагүй юм. Учир нь хуулийн хугацаагаар ердөө дөрөвхөн сарын дараа Монгол Улс шинэ Ерөнхийлөгчөө угтан авах ёстой. Тэр хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ард түмний сонгох эрхийг “булааж” авах боломжгүй гэдгийг улс төр судалдаг, гадарладаг хүн бүхэн мэдэж байгаа. Гэтэл өөрсдөө ийм зүйл ярьж, түүндээ уурлаж, бусдын өмнөөс өөрсдөө хариулт өгөөд байгаа нь утгагүй биз дээ. Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар шийдсэн байлаа ч үүнийг энгийн иргэн болсон У.Хүрэлсүхийн “дохиур”-аар бус иргэдийн төлөөлөл болсон парламентад суудалтай 5 намын төлөөллийн 95 хүртэлх гишүүн зөвшөөрч байж шийдэх учраас дуулсан дуундаа өөрсдөө уярч, дур зоргоороо үлгэр ярихын хэрэг юун.

“Ард түмнээс нэг ч эрхийг хуулийн аргаар хулгайлж авахгүй”

viber_image_2026-11-28_14-03-16-042.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхийлөгчийн засаглалтай болох энэхүү өөрчлөлтийн аль нэгийг У.Хүрэлсүхийн хуурай дүү нар болох С.Бямбацогт, Н.Учрал нарын хамтрал хийх нь ээ гэсэн улс төрийн хар пиар, хов живийг сөрөг хүчин хийгээд МАН-ын 30-ын бүлгийнхэн эрчимтэй тарааж буй нь тодорхой болов. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай намын дарга нартай улс төрийн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, анхны уулзалтаа хийсэн нь энэхүү яриаг хуурай өвсөнд тавьсан түймэр мэт хурдан тархахад нөлөөлжээ. Энэ уулзалтын үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд “Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн хугацаандаа буюу зун хийх ёстой. Тэр хүртэл Үндсэн хуульдаа нийцүүлээд Ерөнхийлөгчийн хуулиа залруулах хэрэгтэй. Үүнийг шийдэх газар нь Цэц” хэмээн байр сууриа илэрхийлсэн гэх.

Энэ тухай ч өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Н.Учралаас асууж, "Та нар үнэхээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг хүсээд байна уу" хэмээн лавлана билээ. Харин Ерөнхий сайд Н.Учрал энэхүү асуултад “Би МАН-ын даргын хувьд Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгодог байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэн ямар ч санал гаргаж болно. Шийдэгдсэн зүйл байхгүй. УИХ ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товоо зарлах ёстой. Би тогтолцооны шинэчлэлийг дэмждэг. Тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ гэдэгт хамтраад ажиллаж болно. Зарим хүмүүс намайг хавчуулж улс төр хийгээд байх шиг. Н.Учрал байгаа цагтаа ард түмнээс нэг ч эрхийг хуулийн замаар хулгайлж авахгүй” хэмээн товч, тодорхой байр сууриа илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар хэн нэгний гар хөл болж, ард түмний сонгох эрхийг хуулийн хулгай хийж булаахгүй гэдгээ маш тодорхой илэрхийллээ. МАН-ын дарга Н.Учралын илэрхийлсэн энэхүү байр сууринаас харвал Ерөнхийлөгчийн сонгуульд ирэх гуравдугаар сард болдгоороо болох нь. Монгол Улс ч Ерөнхийлөгчөө шинээр сонгодгоороо сонгоно гэсэн үг. Харин энэ сонгуулийн дараа экс Ерөнхийлөгчийн улс төрд эргэж орж ирэх боломжийг АН-ын хоёр гишүүний санаачилсан “Зургаан жил Ерөнхийлөгчөөр ажилласан хүн дахин улс төрд өөр албан тушаал эрхлэхгүй” гэсэн хуулийн зүйл заалтаар бүрмөсөн хаах уу, эсвэл Гүйцэтгэх засаглал, УИХ-д орж ирэх боломжийг нээлттэй хэвээр орхих уу гэдэг нь дараагийн яригдах сэдэв болох биз ээ.

Дахин хэлэхэд, Монгол Улсын Үндсэн хуульдаа гар дүрж, тогтолцооны шинэчлэл буюу дээд, доод танхимтай болох, цаашлаад Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх шинэчлэл, өөрчлөлтийг У.Хүрэлсүх, Н.Учрал, С.Бямбацогт гэсэн гуравхан хүн бус парламентын нийт гишүүдийн буюу 95 хүний гарын үсэг, зөвшөөрөл, кнопоор шийдэх учраас “хаан” төрүүлэх үү, эс төрүүлэх үү гэдгээ эрхэм гишүүд та бүхэн кнопоороо шийднэ гэдгээ л санаж, сэрцгээе. Монгол Улс парламентын засаглалтай учраас сонгох эрх ард түмнийх, шийдвэр нь харин парламентынх юм шүү.