Улс төр
ТАНИЛЦ: “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурь
**_Сар бүрийн сүүлийн долоо хоногийн УИХ-ын баасан гарагийн ээлжит хуралдаанаар зохион байгуулагддаг “Асуулгын цаг” өнөөдөр /2026.11.27/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ өдөр “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр УИХ дахь сөрөг хүчний гишүүд болон эрх баригч, цөөнхийн гишүүдийн асуултад нээлттэй хариулж, мэтгэлцлээ. Асуулгын онцлох асуулт, хариултыг тоймлон хүргэж байна._**

Сар бүрийн сүүлийн долоо хоногийн УИХ-ын баасан гарагийн ээлжит хуралдаанаар зохион байгуулагддаг “Асуулгын цаг” өнөөдөр /2026.11.27/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ өдөр “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр УИХ дахь сөрөг хүчний гишүүд болон эрх баригч, цөөнхийн гишүүдийн асуултад нээлттэй хариулж, мэтгэлцлээ. Асуулгын онцлох асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой 110 сая ам.долларын авлигын талаарх мэдээлэл, шалгаруулалтгүй шууд худалдан авалт хийсэн 318 тэрбумын “Ногоон автобус”-ны хэрэг, “Эрдэнэс Оюу толгой”-н албаны нууц дарж, 20 сая ам.доллар зарцуулсан асуудал, ковидын хяналтгүй зарцуулалт гээд энэ олон гэрээг нууцлах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байсан уу. Энэ бүхэн хууль бусыг халхалсан нууц байв уу?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн нууцын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтсон. 2016 онд баталсан хуулиар ерөнхий жагсаалтыг тогтоодог болсныг та бүхэн мэдэж байгаа байх аа. Үндсэн хуулиараа бол төрийн нууцтай холбоотой асуудал нь өөрөө Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол нууцална гэж заагаад ямар, ямар мэдээллийг нууцлах вэ гэдгийг хуулиар тогтооно гэдэг эрх зүйн зохицуулалттай. УИХ-аар оруулж байж тухайн асуудлыг нууцад авах эсэхийг шийддэг хууль, эрх зүйн орчин руу нь буцаана.
Би аливаа асуудлыг нуух гэж биш нээх гэж томилогдсон. Нээхийн төлөө ч улс төрд байгаа цаг хугацаагаа өнгөрөөсөн. Цахимын сайдаас эхлээд ил болгосон 970 гаруй мянган мэдээллийн үр дүнд та бүхний ил гаргаж тавиад байгаа мэдээллийг “Opendata”, “Shilengov.mn”-ээс хардаг болсон. Үүний үр дүнд ChatGPT ажиллаж байгаа. Албаны нууц гэж цаашдаа байхгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, нууцад авах эсэхийг шийднэ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Хуучин хуулиар нууцыг зөвхөн УИХ-ын шийдвэрээр ил болгоно. ҮАБЗ санал болгоод Засгийн газар, УИХ гэсэн дарааллаар орж ирдэг. Одоо бол хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг Засгийн газар шийднэ. Хугацаа дуусвал нууцалсан байгууллага өөрөө ил болгоно, үндэслэлгүй нууцалсан нь тогтоогдсон бол хүчингүй болгоно.
Гэхдээ хэн ямар журмаар үүнийг тогтоохыг хуульд заагаагүй. Журмаар гээд орхичихсон. УИХ-ын гишүүн нууцтай танилцах эрхийн асуудал гэж бий. Гэтэл асуулгын хүрээнд биш бол нууцтай холбоотой баримт авах эрхгүй байгаа. 2016 онд батлагдсан хуулиар төрийн нууцтай холбоотой жагсаалтыг УИХ биш Засгийн газар баталдаг болсон нь зөв шийдвэр мөн үү. Парламент хяналт тавихгүй, гишүүд нь өөрсдөө мэдээлэл авах эрхгүй байна шүү дээ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн нууц бол улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль ёсны хэрэгсэл гэж би үздэг. Тийм учраас нэмэлт нэг ч бичиг баримт нууцлаагүй. Манай Засгийн газар нэг ч оффтейк гэрээ хийхгүй. Г.Занданшатарын Засгийн газрын үед 2025 оны 123 дугаар тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замтай холбоотой 60 хуудас нууцын материалыг ил болгосон. 74 хуудас баримтаа ил болгохыг компанид нь даалгаад бүгд ил болчихсон. Оффтейктэй холбоотой нууцад үлдсэн нэг ч асуудал байхгүй.
Саяны Засгийн газрын хурлаар ҮАБЗ-д, ажлын албанд Тагнуулын байгууллагаас дүгнэлт аваад “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замтай холбоотой аюулгүй байдлын зөвлөмжийг ил болгох процессыг эхлүүлчихсэн. Ирэх мягмар гарагт дуусгаад лхагва гарагт шийдвэр гаргаснаар нууц гэж байхгүй болно. Төрийн нууцын хуульд эдгээр асуудлыг оруулаад хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьчихсан. Цаашдаа нууцад авах эсэхийг зөвхөн хуулиар шийднэ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Нууцад авах ямар ч шаардлагагүй мэдээллийг хүртэл нууцалжээ. Тухайлбал, Тагнуулын байгууллагын 2025 оны шалгалтаар 59 төрлийн төрийн байгууллагын албан нууцад хамруулсан 882 мэдээллийн 274 нь буюу 31 хувь нь үндэслэлгүйгээр нууцалсан. Нууцлах шаардлагагүй эдгээрийн хэд нь гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байв?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас хойш нууцыг ил болгох зарчмыг баримталж ажиллалаа. Нийтийн мэдээллийн хуулийн 68 мэдээллийг ил болгожээ. Та, бидний хэрэглэж байгаа, анализ хийж байгаа эдгээр бүх мэдээллийн ил тод байдалд оролцож, манлайлсан байна. 2017 оны Засгийн газрын 247 дугаар тогтоолоор төрийн нууцын 574 мэдээллийн дэлгэрэнгүй жагсаалтыг баталсан юм билээ.
Энэхүү дэлгэрэнгүй жагсаалтад 2019-2024 онд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөгдсөн байдаг. Үүнээс байгууллагын ашиг сонирхол хэмээх хэт өргөн ойлголт нь нуух ёсгүйг нуудаг далим шалтаг болсон учраас хуулийн байгууллагад бүгдийг нь хүргүүлсэн. Таны хэлсэнчлэн 274 мэдээллийг үндэслэлгүй нууцалсан гэж үзээд нууцаас гаргасан. Тиймээс “албаны нууц” гэдгийг холбогдох хуулиудаас авч байгаа юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төмөр зам, ногоон автобус зэрэг асуудлыг нууцлах үндэслэлгүй шийдвэр гаргасан, албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хэрхэх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Алдааг нь засах гэж бид явах ёстой юм билээ. 2016 оны энэхүү Төрийн албаны нууцын тухай хуулийг хэн батлуулсныг би мэдэж байгаа. Гэхдээ намчирхаад яах билээ. Тэдний алдааг засах үүрэг одоогийн Засгийн газарт иржээ.
Тагнуул, хуулийн байгууллагын хяналт шалгалтаар төрийн өмчит хуулийн этгээдийн үндэслэлгүйгээр албаны нууцад авсан 806, аймаг, сумын ЗДТГ-ын 402, НЗДТГ-ын 318 хуудас баримт бичгийн зөрчлийг бүрэн арилгасан. Энэ эрх одоогийн хуулиар олгогдчихсон учраас албаны нууцаа л өөрчилье. “Бодь интернэшнл” ХХК дээр одоо нуугаад байх зүйл үлдээгүй.
“Тавантолгой-Гашуунсухайт” дээр тухайлбал дамнасан 32 гэрээ хийгдсэн юм билээ. Тэр нь ил болчихсон. Одоо харин Н.Номтойбаяр гишүүний санаачилсан түр хорооны сонсголоо зохион байгуулаад асуудлаа нэг талдаа гаргах ёстой. Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй. Биржээр бүх баялгийг зарна. Урьдчилж нүүрс борлуулж, түрүүлж мөнгө авдгийг болино. Төрийн өмчийн чиглэлээ оруулна. Төсвийн гадуур явж ирсэн ТӨК-иудын орлогыг төсөвт авна. Ийм л зарчмаар урагшилна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Манай бүлэг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын нүүрс нийлүүлэх гэрээг судалж байгаа. Урьдчилсан мэдээллээр 22.4 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллароор нийлүүлэхээр тооцсон. Тухайн үеийн жижиглэнгийн үнэ 110 ам.доллар байсан. Энэ хоёр үнийг харьцуулахаар ард түмний мөнгөнөөс 2.7 их наяд буюу 864 сая ам.доллар алга болсон. Төмөр замын ТЭЗҮ-гийн өртөг нь 214 сая ам.доллароор нэмэгдсэн. Эдгээр гэрээний дагалдах худалдан авалт, туслах гүйцэтгэх гэрээ зэргийг бүгдийг нь ил болгосон уу. 2016-2026 онд төрийн болон албаны нууцад хэдэн их наядын гэрээг авсан бэ. Үүнээс хэд нь ил болж, хэд нь нууц хэвээр байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Тантай санал нэг. Тухайн үед нүүрсийг 70 ам.доллароор бодож байсан. Багадаа 85 ам.доллар байсан шүү. Хөнгөлөлт нь 14 хувиас илүү байсан. Бүр 50 хувийн хөнгөлөлт эдэлсэн байх. Тухайн байгууллага нь цаашаагаа 32 дамласан гэрээ хийсэн. Дамласан гэрээнүүдийг харахаар 70 ам.доллароор бичигдчихсэн. “Богд хан” төмөр зам дээр 140 тэрбум төгрөг гарчихсан шүү дээ. Гэтэл тийм төмөр зам байхгүй. Өртөг нь тэрбум ам.доллар байна аа гэж оросууд хэлсэн шүү дээ.
Ийм өртөгтэй байж болохгүй юм аа гэж. ТЭЗҮ нь тэгж батлагдсан. Тухайн үед нүүрс, бэлэн мөнгөөр 140 тэрбум гарчихсан нь үнэн. Одоо бол дамласан 32 гэрээ, “Богд хан” төмөр замын 9 гэрээ бүгд ил. Аюулгүйн зөвлөмж ч ил болчихсон. Нууж байгаа зүйл байхгүй. Ганцхан ялгаатай нь “Богд хан” төмөр зам бол компанид үүрэгжүүлсэн зөвлөмжтэй. Нөгөө Гашуунсухайтын төмөр зам дээр бол компанид биш засаг дээр шийдсэн юм билээ. Энийг нууж хаах зүйл байхгүй. Энэ болгоныг ил тод болгоё. Сөрөг хүчин ажлаа хий, би дэмжинэ. Хамт байна аа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: “Бодь” группын 110 сая ам.долларын авлигын асуудлаар ямар арга хэмжээ авч байна вэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Өмнөх Засгийн газрын 123 дугаар тогтоолоор 198 хуудас гэрээг ил болгосон. “Богд хан” төмөр зам дээр 212 хуудас ил болсон юм билээ. 2022 оны 449 дүгээр тогтоолоор 5723 хуудас баримт ил болсон. Үе, үеийн ҮАБЗ-ийн гишүүн, өндөр албан тушаал хашиж байсан, Гашуунсухайтын төмөр замтай холбоотой шийдвэр гаргасан бүх хүнийг шалгах ёстой. Энэ байр сууриндаа хатуу байна. ҮАБЗ-үүдийг ил болгох нь бидний нэгдүгээр асуудал. Засгийн газар хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд тагнуулын байгууллагыг дүгнэлтээ гарга гэсэн.
Ингээд Аюулгүйн зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн. Лхагва гарагт би бүгдийг нь ил болгоно. Түр хороо, сонсголыг материалаар бүрэн дүүрэн хангана. Нээлттэй байгаа. Үндэсний аудитын газарт би төмөр замын асуудлаар олон улсын хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, нэмэлт аудит хийлгэж өг гэсэн хүсэлтээ өгсөн. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй Ерөнхий сайдын хувьд бүх мэдээллийг өгнө.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Монгол Улсын 627 төрийн өмчит хуулийн этгээдэд 2025 онд аудитын шалгалтаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрчээ. Ийм их зөрчилтэй атлаа захирлууд нь 30-40 сая төгрөгийн цалин авдаг. Төрийн өмчит компаниудын томилгоог хаанаас хийж байна вэ. МАН-ын Бага хурлын гишүүдийн 50-иас дээш хувь нь энэ компаниудад удирдах алба эрхэлдэг гэж үнэн үү?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит компанийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс компаний захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Гэхдээ аль ч нам ялсан бай энэ улс төрийг дааж чадахгүй. Тийм учраас зөв явах ганц л зам байна. Тэр нь бол Хөрөнгө оруулалтын сан байгуулж, багц болгоод 5-10 хувийг нь багц дээр өгөөд тэр багцаа бирж дээр гаргах юм. Узбекстаны жишгийн дагуу хийчихье. Ингээд эхлэхээр 10, 5 хувь ч бай бирж дээр гарчихсан тохиолдолд зүгээр нэг сонгуулийн менежер нөхөр ирээд тэр компанийг засаглана гэж байхгүй.
Хэрвээ энийг хийж чадахгүй бол энэ зовлонтой аль, аль намууд тулна. 20 компанийг багц дээр гаргаад явах дээр өмчлөлийн бодлогоо өнөөдөр Их хурал руу явуулчихлаа. Нэгдэхэд цаг өгнө гэж надад хэлсэн. Өмчлөлийн бодлогоо оруулж ирж байгаа. Бага хурлын статистикийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ олон байгаа. Худлаа яриад яахав. Аудитын газрын дүгнэлтийг анх удаа Засгийн газар хэлэлцэж үзээд 105 албан тушаалтанд хариуцлага тооцсон.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: Төрийн хөрөнгийг улс төрийн ашиг сонирхолд зарцуулдаг. Түүгээрээ эрх мэдлээ хадгалдаг гэдэг асуудлыг баримтаар шалгаж, үнэн мөнийг тогтооё. Авлига, албан тушаалтны гэмт хэргийг шийдэхгүй гэдэгт бүрэн итгэчихсэн нийт ард иргэддээ та юу хэлэх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Улс төрийн намуудын аль, алиных нь зовлон. Чөтгөрийн тойргоос гарах нь зүйтэй. Тийм учраас нэгдүгээр сарын 01-нээс сая таны хэлээд байгаа энэ асуудлыг шийдээд би нэг 20 компанийг багц болгоод бирж дээр гаргаад, хэн ч гуйгаад арын хаалгадаад тэнцдэггүй байх зарчим руу явуулчихъя. Энийг дэмжиж өгөөч гэж Их хурлын гишүүдээсээ хүсэж байна. Энэ бол хамтын зовлон шүү.
Төрд итгэх итгэл өдөр ирэх тусам саарч байна. Төрд итгэх итгэлийг нэмэгдүүлье гэвэл суурь асуудлуудаа шийдэх ёстой. Зургаан сарын дотор суурь асуудлаа шийдэх гэж, цогцоор нь харах гэж нэлээдгүй хичээж, ахиц үр дүн гаргасан. Нэгдүгээр сарын 01-нээс ард түмэнд мэдрэгдэж эхэлнэ. Хууль зөрчсөн, хулгай дээрэмд өртсөн хэн нэгнийг хаацайлахгүй. Хэн нэгэн байхаас үл хамаараад цагаан дээр хараар бичигдсэн бүх мэдээлэл ил болж байна. Нээлттэй шүүн тунгаа. Ард түмэн ч хамтдаа шүүгээрэй. Хуулийн байгууллага ч ажлаа хий. Ажил хийвэл хийсэн шиг хийе.
Мэргэжлийн холбооны хуулийг баталж өглөө. Компаний хуулиа гаргачихлаа. Комисс зөвшөөрөл өгдөг бүх үйл ажиллагааг мэргэжлийн холбоонд өгчихье. “Шударга байя” гэдэг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны нууцын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан шүү. Одоо улстөржихгүйгээр энэ алдаагаа засацгаая. Энэ дээр та бүхэн ашиг сонирхол гаргахгүйгээр хамтраад яваарай. Төрийн ямар ч байгууллага улаан тамгатай “албаны нууц” гэж дарахаа болино. Энэ бол маш том дэвшил болно. Үе, үеийн Засгийн газар бүх гэрээ хэлцлээ ил болгоод ер нь оффтейк гэдэг гэрээнээс татгалзах ёстой шүү. 10 жилийн дараа ч яригдсаар байх вий.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Ард түмэн таныг заримдаа ялархсан, пээдэгнэсэн байна гэж байна. Ард иргэдээ загнаад байж болох юм уу. Ерөнхий сайдаар 7 сарын хугацаанд ажиллаж байна. Аливаа асуудал ярингуут би тэр үед байгаагүй гээд байх нь хариулт биш шүү. Албаны нууцын тухай хууль байхгүй болох гэж байгаа. Энэ хуулийг батлуулахгүй гэсэн сонирхол их байна. Яг хулгайчдад ямар хариуцлага тооцов?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Би бүх аймгаар тойрч ажиллаж байгаа. “Ерөнхий сайдаас шууд асуу” гээд АН, МАН-гүй бүгдийг нь оруулдаг. Хүн болгон орж ирдэг. Сая таны сонсгоод хүн загнасан гэх бичлэг Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалт юм шиг байна. Энэ бол төрийн нууц биш. Миний уурласан, инээсэн бүгд нээлттэй шүү. Их халуун дулаан уулзалт болсныг Р.Сэддорж гишүүн хэлэх байх аа. Гэхдээ тэмээ гэхээр ямаа гээд байвал би хатуун ширүүн байр сууриа илэрхийлнэ. Энэ хатуу сонсогдсон бол хүлцэл өчье.
Би эргэх холбоотой энгийн даруухан ажиллах гэж хичээдэг. Өнгөрснийг сөхөж, ялархаж явсан удаагүй. Намынхаа дүрмийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдээ Хяналтын хороондоо өгсөн. Буруутай, буруугүй эсэхийг хууль тогтооно. Ерөнхий сайд улсын яллагч биш шүү дээ. Би хэн нэгнийг өмгөөлж, хамгаалахгүйгээр, хуулийнханд нөлөөлөхгүйгээр, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллуулж байгаа. Бүх мэдээллийг ил болгоно. Ажлаа дарамтгүй хийх нь харин хуулийнхны хийх ажил.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Ерөнхий сайд ирээдүй рүү ихэвчлэн харж ярьж байна. Урдах асуудлаа би мэдэхгүй л гэх юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд засгийн эрх барьсан намын даргын хувьд эргэж нэг хараад байр сууриа илэрхийлнэ үү. “Бодь”-ийн төмөр замтай холбоотой шуугианы араас нэлээд хэдэн хүн албан тушаалаасаа татгалзлаа. Хоёр сайд, Ерөнхийлөгч хүртэл ажлаа өглөө. Энэ гэрээтэй холбоотой хамгийн эхний хохирогчид бол тэд биш шүү дээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг байгаа. Энэ олон санаанд багтамгүй долларын авлига, албан тушаалын хэрэг яагаад үүсэв. Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг одоо цагаатгах ёстой юу?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Хулгайг Их хурал нээлттэй хэлэлцэж л байна. Тал талаас нь ярьж байна. Зөв жишиг. Гэхдээ тухайлсан кэйсийг шүүх шийдэх ёстой болов уу. Кэйс болгон дээр ярих нь Ерөнхий сайдын хувьд зохимжгүй байх аа. Мэдэх эрхийн төлөө би үргэлж зогсоно. Яаж ч намайг харааж ерөөсөн байлаа гээд хэн нэгнийг шүүхэд өгөөгүй ээ. Энэ байр сууриа ч хатуу хамгаална. Нийгэмд шүгэл үлээгчийг хамгаалах ёстой гэж үзээд хуулийг УИХ-д өргөн барьж байгаа. Ирээдүйд ярьсан юм алга.
Гэхдээ өнгөрсөн алдааг засаж, өнөөдөрт бүтээж, ирээдүйд ард иргэдээ хаана аваачих вэ гэдгээ ярих нь Ерөнхий сайдын үүрэг мөн болов уу. Үнэхээр шүгэл үлээсэн бол ямар ч үед шүгэл үлээгчээ хамгаална. Дарханы Гангийн үйлдвэрийг төсвөөс санхүүжүүлэхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргахгүй. Олон улсын сонгон шалгаруулалт зарлаад явж байгаа. Хамгийн бодит үнэ хэлсэн нэг ААН-ийг шалгаруулсан юм билээ. Хөрөнгө оруулалтын хэлцлээ байгуулаад Их хуралд танилцуулаад дэмжихгүй бол цааш явахгүй. Их хурал шийднэ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2016 оноос хойш Монгол Улс нууцлаг улс болсон. Улстөрчид нь хүртэл мэдэх эрхгүй, мэдсэнээ ярих ч эрхгүй болсон. Улсын төсөв хэлэлцэх үеэр Оюу толгойгоос 3 их наядын ногдол ашиг авахаар боллоо. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнд хүүнээс хүү боддог энэ асуудал байгаа юу. “Рио Тинто” нөгөө талд 6 их наядын ногдол ашиг авах уу. Нэг тал дангаар ногдол ашиг авах боломжгүй шүү дээ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: 2016 онд Төрийн албаны нууцын тухай хуулийг яагаад батлуулсан юм бол. Тэр бас сэжигтэй шүү. Гишүүд хардах эрхтэй шиг надад ч бас хардах эрхтэй байгаа шүү. Яагаад тэр хуулийг батлуулж, энэ их олон нууцууд үргэлжилсэн юм бол. Нууц гэж тамга дардгийг таслан зогсооё. Нууцын тухай хоёулаа сайн мэднэ. Таныг тухайлбал ЕТГ-т ажиллаж байхад “Тавантолгой-Зүүнбаян”-г нууцад авч байлаа. Яагаад нууцалсан юм. Тэгэхээр бидний үеийнхэн энэ алдааг дахиулахгүйн тулд хуулиас тэр заалтыг авчихъя. Үүн дээр хамт байгаарай.
Мөнхийн нууц гэж байхгүйг үе, үеийн дарга нар өглөө бүр санаж байгаасай. Оюу толгойн ногдол ашиг дээр таны хэлдэг зөв. Хувьцаа эзэмшигчид аль, аль тал нь авах ёстой гэдэг. Тэгэхээр хэлэлцээрийн явцад Монгол Улсын иргэдэд давуу эрхийн хувьцаа гаргаж, яг иргэн болгонд хуваарилах хувилбар байхгүй бол Рио Тинто буюу 66-г эзэмшигч талд давхар ногдол ашиг хуваарилах асуудал үүсэх юм билээ.
Тэгэхээр давуу эрхийн хувьцаа гаргаад түрүүлж, тэргүүн ээлжинд өгдөг жишиг нь зөв юм байна гэж үзсэн. Яг энэ жишгийн дагуу өмчлөлийн бодлогыг оруулж ирж байгаа юм. Та хараарай. Менежментийн төлбөрийг бууруулсан. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 4 рүү буурсан. 30 их наядын ирээдүйд төлөх өрийг тэглүүллээ. 7 жил тутамд зээлийн хүү ярьж байсныг 3 жилд хэлэлцдэг болгосон. 2029 онд дахиад ярина. Энэ бол гавьяа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 18-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон учраас өөрөө ажлаа өгч байгаад шалгуулахаа мэдэгдсэн. 19-нд парламентаас чөлөөлсөн. Та 18-ны өдөр гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж мэдэгдэл хийсэн. 20-ны өдөр та хууль зөрчсөнөө мэдсэн үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргахад Ерөнхий сайд оролцдоггүй. Гэмт хэрэгт холбогдоод явж буй хүнийг та үдэн гаргасан.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ёслолын албаараа дамжуулаад журам гаргаад энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Мэдээж энэ үйл ажиллагаанд тааллаараа оролцох боломжтойг надад хэлсэн. Би үдэн гаргах ёслолд УИХ-ын гишүүн, хувь хүний хувиар ч оролцсон. Хуулийн зөрчил гэхээс илүү төрийн ёслолын дагуу явагдсан асуудал юм билээ. Гэмт хэрэгтэй холбогдсон тухай баримт нотолгоо огтоос байхгүй. Та самбар дээр хүний нэр бичээд ард нь мөнгөн дүн бичээд тэр болгоноор хэн нэгнийг яллаж болохгүй байх аа. Тухайн хүн өөрөө ёсзүйн ухамсар гаргаад ажлаа өгсөн байна. Самбар дээр бичигдэх байтугай нотлох баримтаар хэрэг нь тогтоогдчихсон гишүүд бидний дунд хэдэн арваараа байгаа шүү.
Ерөнхийлөгч самбар дээр нэрээ бичүүлсний төлөө би шалгуулъя гэж байхад нотлох баримтаар тогтоогдчихсон гишүүд яагаад бүрэн эрхийн ард нуугдаад байна вэ. Энэ асуултыг иргэд биднээс асууж байгаа шүү. Шүүхийн эцсийн шийд гараагүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж болохгүй. Улс төр хийж болно. Хэтэрч болохгүй байх аа. Та бол шүүгч биш. Би бас өмгөөлөгч биш. Энэ бол бас шүүхийн танхим ч биш. Тийм учраас та улсын яллагч ч бас биш. Гэхдээ хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байгаасай гэж үздэг. Ерөнхийлөгч өөрөө шалгуулъя гээд ажлаа өглөө шүү дээ. Хууль хяналтын байгууллагын өмнө бүгд оч. Янз бүрээр цоллогдсон хүмүүс бүгд оч. Ухаа худгаар түр хороо байгуулагдахад би дэмжинэ. Асуудалд нотлох баримтгүй ханддаг нь харин би биш.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Өнгөрсөн хугацаанд нүүрсний баялгийн эздийн орлого 6 дахин нэмэгджээ. Иргэдийн бодит орлого 5-6 дахин буурчээ. Танай намын дарга, цэрэг байсан хүмүүс баялгийн эздийн орлого нууц нэртэй тамганы ард хулгайлагджээ. Яагаад энэ асуудлыг та шийдэхгүй байгаа юм бэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Ямар ч ид шидтэн гарч ирээд маргааш гэхэд үнийн өсөлтийг буулгаж чадахгүй учраас Монголбанкны тогтоолыг дэмжээд явуулсан. Юм хийж байгаагаа ярих юм бол би танд утсаар ч хэлж өгдөг, уулзахаараа ч ярьж өгдөг. Хоёулаа камерын өмнө сүржигнээд яах вэ. Танай, манай гэлтгүйгээр асуудал их байна аа. Тийм учраас энэ асуудлаа шийдээд гаръя гэж байгаа юм.
ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан Х.Баттулга гэж хүн төмөр замын гэрээг нууцад аваад, компанид даалгаснаас энэ бүх асуудал эхэлсэн юм шүү. Өнөөдөр бид харин нуухгүй ил болгоё гэж яриад зогсож байгаа нь давуу тал юм. Засгийн газар өөрийн хэмжээнд нээгээд л байгаа ч Төрийн нууцын тухай хууль байгаа учраас асуудал олон бий. Үүнийг хамт шийдье. Надад хэнийг ч хамгаалж, хаацайлах бодол алга. Би нэг ч гэрээг нууцлаагүй. Нэг ч оффтейк гэрээ байгуулаагүй. Нэг ч нууц байхгүй. Үүнийг бүгдийг нь зогсоосон. Баялгаа нуудаг байж болохгүй. Үүнийг шийдэх ёстой гэдэгт үргэлж тантай санал нэг.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Манай улс нээлттэй гэж байгаа ч төсөв, мөнгийг зарцуулсны дараа л шилэн данс ухаж байгаад ингэжээ, тэгжээ гэж гаргаж ирдэг болжээ. Төсвийн зарцуулалтаа ил болгоё гэхэд дэмжих хүнгүй залуус 100 мянган гарын үсэг цуглуулах гээд аргаа бараад явж байна. Хамаг нүүрсний гэрээгээ нууцад авчихсан. Нүүрстэй гээд байгаа иргэд нь квотоор нүүрс авдаг. Хэсгийн ахлагч нарын нууц сүлжээнд элсээгүй бол квот нь олдохгүй. Энэ бүх дабл стандартаа задлаач өгч болохгүй байгаа юм уу. Түлшний хүртээмж хэцүү байна гэдгийг ярьсан иргэнийг хэсгийн ахлагч нь дарамталж байна шүү дээ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Нэр бүхий хүмүүсийнхээ нэрсийг надад өгөөрэй. Би бүгдэд нь хариуцлага тооцъё. Төсвийн зарцуулалтыг ил тод болгох таны хуулийг би дэмжинэ. Шаардлагатай бол надад 2-3 санал байгаа. Тэрэн дээрээ ойлголцоод Засгийн газраас өргөн мэдүүлэхэд ч бэлэн байна. Төрийн гадна явж байсан төрийн өмчит компаниудын цэвэр ашгийн мөнгө ороод ирэхээр төсөв том харагдаж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэх дараагийн таван жилийнхээ төлөвлөгөөг бид батлуулах хэрэгтэй. Сонгууль болоогүй байна аа. Надад нууцаас гаргасан гэрээнүүд олон байгаа шүү. Нууц, нууц гэж дайраад байхаар чинь би сүүлдээ нуучихсан юм шиг ч болоод явчихлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: “Бодь”-той холбоотой авлигын хэрэг, нууцын гэрээ ил болсноос хойш нэг жил өнгөрлөө. Та хариуцлага ярив уу. АТГ-ын дарга чинь ажлаа хийж чадахгүй байна аа. Та энэ хүндээ хариуцлага тооцохгүй юм уу?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: АТГ-т материалаа өглөө. Шалгуул гэлээ. Одоо ямар шүүхэд нөлөөлөлтэй биш дээ. Шүүгч нарыг дуудалтай биш. Нийгмээрээ шахаж байна. Хуулийнханд би хугацаатай үүрэг өгөөд ард олноороо анхааралтай ажиглаж байна шүү гэдгийг хэлсэн. Хуулийнхаа процессын дагуу явах нь зүйтэй болов уу. АТГ-ын даргыг Их хурлаас томилж, чөлөөлдөг шүү. Хуулийнхан дээр олон хэрэг гацсан нь үнэн. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой хэргийг хүртэл шалгуулахаар өгсөн. Одоо хүртэл алга. Ажлаа хий л дээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Олон улсын гэрээ, конвенцид 0-18 насыг хүүхэд гэж заачихсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар 0-16 нас гэчихсэн. Энэ дунд байнгын асаргаа шаардлагатай 17 настай хүүхдийн асуудал орхигдоод байна. Нийгмийн халамжийн хуулийн өөрчлөлт бүрэн хийгдэхийг хүлээвэл 1.6 жил хүлээх нь ээ. Энэ дунд орхигдож байгаа хүүхдүүдийг хэрхэх вэ. Халамжийн хуулийг хүлээхэд оройтох нь ээ. Зорилтод бүлгийн иргэдэд төрийн хэрэгжүүлж байгаа төслөөс олгох орон сууцны квот 10 хувь болж нэмэгдсэн ч зээлд хамрагдах шалгуур журмын 6-7-г нь зорилтод бүлгийн иргэд хангах боломжгүй байна. Үүнийг хэрхэх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Хууль байхгүй ч салбар комисс 21 аймагт ажиллаж энэ асуудлыг шийдэж байгаа гэж ойлгосон. 16-18 насыг орхигдуулсан асуудал байхгүй. Ажлыг нь шахах ёстой юм билээ. Хөгжлийн бэрхшээлийг нь тогтоох асуудлыг орон тооны бус комиссууд хариуцах ёстой. Хүүхэд, томчуудын гэмтлийн жагсаалт зөрүүтэй боловч халамжийн тэтгэвэр, тэтгэмжээ авахад тасалдал үүсэхгүй байгаа гэсэн хариу өгсөн.
Цаашдаа харин гэмтэл, өвчний заалтыг уялдуулах, олон улсын үнэлгээтэй нийцүүлэн шинэчлэх асуудал бол бий. Насны ангиллыг эрчимжүүлэх даалгавар өгье. Хууль тогтоомжтой нийцүүлэх үүднээс Нийгмийн халамжийн хуулийг мөн өргөн барьчихсан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шар үнэмлэхтэй болоод мэдээлэл нэгтгэгдээд ирэхээр “Хур” системээс мэдээллийг нь татаад ямар байранд амьдардаг, яг байргүй юм уу, тухайн шалгуурт нийцсэн үү гэдгийг төр нь иргэнээсээ нэхэхгүйгээр өөрсдөө авчихдаг болно. 10 хувийн квотоор би холбогдох сайд нарт үүрэг өгье. Өндөр шалгуурыг тухайлан авч үзэх ёстой байх аа. Салбарын сайд нарт даалгая.

УИХ-ын гишүүн Бат.Батбаатар: Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлыг тодруулъя. Нөмрөгийн түймрийг нууцад авчихсан юм уу. Мэдээлэл маш дутуу байна. Байгаль орчны салбарын ажилтнуудын цалин, нийгмийн халамжийн асуудлыг тодруулъя. Цаг уурын ажилтнууд үнэндээ хэцүү цалинтай байгаа шүү дээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй. Нууцалж байгаа ч үгүй. Цаашдаа ил тод байдлын төлөө байна. Ил тод байдлыг маань үнэлж цахим засаглал 42 байраар урагшилсан. Энэ амжилтаа ахиулна. Иргэд мэдэх эрхээ хангуулна. Дуу хоолой болно, үгээ хэлнэ. Тэднийг бид Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаална. Гэхдээ нотлох баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хаа, хаанаа хариуцлагаа бэхжүүлье. Нөмрөг дээр хатуу хариуцлага ярина. 484 мянган га газар нутаг шатсан. Учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наядаар тогтоосон. Хохирлын актыг хуулийнханд шилжүүлсэн. Засгийн газраас хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлнэ.
Ус, цаг уурын байгууллагын ажилчдын цалинг 50 хувиар нэмсэн. 1065 техникч, ажиглагчийн үндсэн цалин 2.1-2.3 сая болж нэмэгдлээ. Цалин та бүхний дэмжлэгээр 11 дүгээр сарын 01-нээс нэмэгдсэн. Ирэх оны дөрөвдүгээр сард дахиад 10 хувиар нэмэгдэнэ. Байгаль хамгаалагчдаа дэмжинэ ээ. Би тогтолцооны шинэчлэлийг дэмждэг. Гэхдээ ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгодог тогтолцоо хэвээр явах ёстой. Зарим хүмүүс намайг хавчуулж улс төр хийгээд байх шиг байна лээ. Н.Учрал байгаа цагтаа ард түмнээс нэг ч эрхийг хуулийн замаар хулгайлж авахгүй. Өөрсдөө хөгжлийн замаа сонгоно. Тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ гэдгээр харин хамтдаа алхацгаая. Тулаад ирсэн сонгох эрхийг нь ард түмэндээ үлдээнэ.