ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Б.Бейсен даргална

O.Admin
2024-07-09

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Замира даргалсан. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан Байнгын хороодыг хуваарилсан талаар мэдээлэл өгч, УИХ дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдахаар болсон гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенг сонгохоор шийдвэрлэхдээ нэр дэвшигчийн сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзсан гэдгийг онцолсон юм.

Буланы Бейсен нь 1972-1982 онд Өлгий сумын 10 жилийн 1 дунд сургууль, 1982-1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой. Б.Бейсен нь 1989-1991 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрны мэс заслын их эмч, 1991-1995 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч,1995-1998 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасгийн эрхлэгч, 1998-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, 2004-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч бөгөөд Зөвлөх эмч, 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 2016 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв.

Энэ үеэр танхимаас Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлсэн тул Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын гаргасан горимын саналаар УИХ дахь АН-ын бүлэг 20 минутын завсарлага авлаа.

Завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр болсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Т.Аубакир, Б.Уянга, З.Мэдсайхан, Р.Сэддорж, Ц.Идэрбат, Х.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, П.Батчимэг нар  хариулт өглөө.

Гишүүд 2024-2028 онд малын индескжүүлсэн даатгал, газар тариалангийн хөгжил, бэлчээр ашиглалт, мал махны экспортыг нэмэгдүүлэх, агаарын бохирдол зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, салбарын яамдтайгаа холбоотой ажиллаж хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллах талаар нь илүүтэй тодруулж байв.

Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.